Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдах үеэрээ Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонссон байна.
Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасан байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааны санхүүжилтийн түр журмын төслийн ерөнхий мэдээллийг сонжээ. Түүнчлэн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжэн аж. Үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдаж, нийтийн тээврийн салбартай холбоотой дээрх асуудлуудыг хэлэлцсэн байна.
Түүнчлэн 2022 онд төвлөрлийг саарууулах, түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээ, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцжээ. Эдгээр асуудлыг энэ сарын 7-ны өдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.