Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа Ерөнхий сайдын захирамжийг гардан авчээ.
Тэрбээр энэ тухайгаа "Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны, эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна.
Тийм ч учраас та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно.
Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе. Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Мөн Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.