Шри Ланка улсад нүүрлээд буй эдийн засгийн хүнд хямралыг зогсоохын тулд Олон улсын валютын сан ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Энэхүү арга хэмжээ нь санхүү, макро эдийн засаг болон өрийн тогтвортой байдлыг сэргээхийн зэрэгцээ тус улсын өсөлтийн боломжийг эргэн нээхэд чиглэнэ гэж Шри Ланкад айлчилж буй ОУВС-ийн баг мэдэгдэлдээ дурдсан байна. Уг тусламжийн багц нь ОУВС-ийн удирдлага, гүйцэтгэх зөвлөлөөс зөвшөөрөл авахаас гадна Хятад, Энэтхэг, Япон зэрэг улс орныг багтаасан Шри Ланкийн зээлдүүлэгчдээс өрийн тогтвортой байдлыг сэргээнэ гэсэн баталгааг хүлээн авснаар хэрэгжиж байгаа аж.
Валютын хомстлоос болж Шри Ланка улс шатахуун, эм тариа, ахуйн хий зэрэг зайлшгүй хэрэгцээт зүйлсийн асар их хомстолд орж, урьд өмнө байгаагүй эдийн засгийн хямралд өртөөд байгаа билээ. Хэдийгээр ахуйн хийн хангамжийг Дэлхийн банкны дэмжлэгээр сэргээсэн ч шатахуун, чухал эм тариа болон зарим хүнсний бүтээгдэхүүний хомстол үргэлжилсээр байна.
Тус улс нь энэ онд төлөх ёстой долоон тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлтөө зогсоогоод байгаа бөгөөд 51 тэрбум ам.долларын гадаад өрнийхөө 28 тэрбумыг 2028 он гэхэд төлөх ёстой. Гэвч Шри Ланкийн эдийн засаг энэ онд 8.7 хувиар хумигдаж, инфляц нь 60 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа гэж ОУВС мэдэгджээ.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.