Өмнөд Солонгосын хилээр нэвтрэх зорчигчид энэ долоо хоногийн сүүлээс эхлэн коронавирусийн шинжилгээний "Сөрөг" хариу харуулах шаардлагагүй болохыг албаныхан мэдэгджээ.
Одоогийн байдлаар тус улсад ирж буй аялагчдаас сүүлийн 48 цагийн доторх "PCR" шинжилгээ, эсвэл сүүлийн 24 цагийн доторх түргэвчилсэн шинжилгээний хариуг шаардаж байгаа бол Халдварт өвчний зөвлөх хорооноос уг дүрмийг цуцлахыг санал болгосон аж. Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн дэд сайд И Ки Ил "Манай улсын иргэд ч бай, гадаадын иргэд ч бай онгоц, хөлөг онгоцоор ирсэн бүх зорчигч есдүгээр сарын 3-ны шөнө дундаас эхлэн "PCR" шинжилгээний "Сөрөг" хариутай байх шаардлагагүй" хэмээн өнөөдөр зарласан байна.
Гэхдээ аялагчид Өмнөд Солонгост ирснээсээ хойш эхний 24 цагийн дотор шинжилгээ өгөх шаардлагатай хэвээр бөгөөд энэ нь хилийн чанадаас халдварын аливаа хувилбар нэвтрэх, тархахаас урьдчилан сэргийлэх "хамгийн наад захын арга хэмжээ" гэж дэд сайд И хэлжээ.
БНСУ-д өнгөрсөн 24 цагт цар тахлын халдварын 103,961 шинэ тохиолдол бүртгэгдсэний 458 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн байна. Тус улсын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр улиралд BA.5 хувилбарын эсрэг илүү үр дүнтэй гэгдэх шинэчилсэн вакциныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 60 ба түүнээс дээш насны, мөн архаг, суурь өвчтэй хүмүүсийг тарилгад нэн тэргүүнд хамруулах гэнэ. Түүнчлэн тус улсын "SK Bioscience" компанийн гаргаж авсан "SKYCovione" вакциныг ирэх сараас тарьж эхлэх юм.
Эх сурвалж: Yonhap
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.