Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Шинэ сэргэлтийн бодлогод зургаан сэргэлт бий. Түүний нэг болох "Төрийн бүтээмжийн сэргэлт"-ийг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт болон "Цахим Монгол Үндэстэн" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өглөө. Төрийн хэмнэлтийн хуулийг эрчимжүүлэхэд мэдээлэл, технологийн салбарын хөгжлийн хурдыг ашиглах, цаашлаад авлигын индексийг бууруулахад мэдээллийн технологийн салбар, тэр дундаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам голлох үүрэг гүйцэтгэх ёстой.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын хуулийг баталсан. Нийтийн мэдээллийн хуулинд зарим мэдээллүүд нээлттэй болох талаар хуульчилсан байдаг.
Энэ мэдээллүүдийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, ашигт малтмалын лицензүүд, дархан цаазат газрыг хэн, ямар газар эзэмшиж байгаа, орон сууцанд орохдоо комиссын шийдвэртэй танилцах эрх нь Нийтийн мэдээллийн хуулиар нээлттэй болсон. Ингэснээр иргэд мэдэх эрхээ хангах боломжтой болно.
Мөн хувь хүний мэдээлэл хадгалах хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд 3 сая 600 мянга гаруй мэдэгдэл иргэдэд төрийн цахим шуудангаар илгээгдсэн. Иргэдэд мэдэгдэх хуудас илгээдэг энэ ажлыг цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна.
Улаанбаатарын түгжрэл, төрийн албаны хүнд сурталтай холбогдуулан тоон гарын үсгийг иргэн болгоны хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарна. Одоогоор 266 мянган тоон гарын үсэг тараагдсан байна. Иргэний үнэмлэхний чип кодоор дамжуулан тоон гарын үсэг тараагдаж байгаа. Улсын хэмжээнд таван алслагдсан сум, таван боомтод шилэн кабель тавих ажил явагдаж байна. Энэ онд багтаан дуусна.
Хатуу дэд бүтцийн хувьд интернэт холбоогоор бүрэн холбогдсон байгаа учир үүгээрээ дамжуулан тоон гарын үсэг нэвтрүүлэх бололцоотой болж байгаа.
Тоон гарын үсгийг банк санхүүгийн салбарт хүртэл нэвтрүүлэх боломжтой болно. Ингэснээр иргэд банкны үйлчилгээг гэрээсээ болон зай хамаарахгүй хаанаас ч авч болно. Ингэснээр хүнд суртлыг бууруулах, авлигын индексийг бууруулах нэг хэлбэр болно.
Есдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-тай хамтран олон улсын хурал зохион байгуулна. Энэ үеэр НҮБ манай улсыг цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.