Одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-ний баасан гарагт тохиосон Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш ойролцоох 11 хотод зарласан нүүлгэн шилжүүлэх тушаал бүгд дуусгавар болжээ. Тодруулбал, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал хүчинтэй хэвээр байсан сүүлчийн хот болох Футабагийн захиргаа өнөөдөр /2022.08.30/ уг тушаалыг цуцалж, зарим оршин суугчаа эргэн хүлээж авахаар бэлтгэж байна.
Хэдийгээр одоо оршин суугчдыг гэртээ харихыг зөвшөөрсөн ч хотын 80 гаруй хувь нь "эргэн суурьшихад хэцүү" бүс хэвээр байгаа юм. Фүкүшима мужийн цацрагийн түвшин харьцангуй бага болсон тул 2020 оны гуравдугаар сараас хойш иргэдийг Футабагийн зүүн хойд бүсэд нэвтрэхийг зөвшөөрсөн ч оршин суухыг хориглосон хэвээр байсан билээ. Тэгвэл одоо тус хотын төв хэсэг болон олон нийтийн ба худалдааны байгууламжууд ихээр байрладаг зүүн хойд хэсгийг суурьшлын зориулалтаар дахин нээх аж.
Энэ оны долдугаар сарын сүүлчээр, Футаба хотын нийт нутаг дэвсгэрийн ердөө 15 хувийг эзэлдэг эдгээр хоёр бүсэд 1,449 өрхийн 3,574 хүн буюу хотын нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин суугчаар бүртгэгдсэн байжээ. Гэвч нэгдүгээр сараас эхэлсэн эргэн суурьшуулах бэлтгэл хөтөлбөрт ердөө 52 өрхийн 85 хүн хамрагдсан байна.
Оршин суугчийн бүртгэлтэй иргэдийн дунд өнгөрсөн онд явуулсан судалгаагаар 60.5 хувь нь буцаж ирэхгүй гэж мэдүүлсэн хэдий ч Футаба хотын захиргаа 2030 он гэхэд хүн амаа 2,000-д хүргэхээр зорьж байгаа юм.
Эх сурвалж: KYODO
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.