Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдсон Н.Учрал яамныхаа үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Кибер аюулгүй байдлыг хангах, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа. Тоон гарын үсгийн хууль амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 300 мянга гаруй тоон гарын үсгийг иргэдэд тараасан. Иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бололцоог бүрдүүлнэ.
Засгийн газрын хуульд өөрчлөлт ороод, нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж байгаа энэ хуулийн дагуу яамны бүтэц, орон тоо, төсөв батлагдсан. Одоо яам үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа төрийн албаны цалингийн итгэлцүүрийг, ялангуяа программ хангамж үйлдвэрлэгч, мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд дээр өөрөөр тогтоох хуулийг дагалдуулж хийсэн. Яагаад гэвэл мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүдийг төрийн захиргааны албан тушаалтнуудтай адилхан цалинжуулахад бэрхшээлтэй байгаа тул илүү бүтээмжтэй, цомхон, чадварлаг багаар яамныхаа үйл ажиллагааг чадваржуулахаар зорьж байна.
Нарийн мэргэжлийн боловсон хүчнийг төрд оруулахын оронд хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодоор ажлуудыг гүйцэтгүүлэх бодлогыг баримтална. Төр бүх ажлыг хийх шаардлагагүй. Харин бодлогоо барьж ажиллаад, мэргэжилтнүүдээр дамжуулан төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Одоо хатуу дэд бүтцээ сайжруулах, төсөв мөнгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Шилэн кабель тавигдаагүй сум, багуудад хувийн хэвшлээр дамжуулан ажлуудыг гүйцэтгүүлж, эко системийг нэвтрүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.