Пакистанд нүүрлээд буй үер, усны гамшиг нь дор хаяж 10 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэх урьдчилсан тооцоог тус улсын Төлөвлөлтийн сайд Ахсан Икбал танилцуулсан байна. Түүнчлэн ирэх саруудад хүнсний ноцтой хомстол үүсэхийг анхааруулсан бөгөөд энэхүү аюулыг давахын тулд өрсөлдөгч Энэтхэг улсаас хүнсний ногоо импортлох асуудлыг эрх баригчид хэлэлцэж байгаа гэжээ.
Тус улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй их хэмжээний аадар бороо, үерийн улмаас багадаа 1,136 хүн амиа алдаж, тус улсын хүн амын 15 орчим хувь буюу 33 сая гаруй хүн байгалийн гамшгийн аюулд нэрвэгдээд байна. Мөн хүчтэй аадар борооны улмаас зам, газар тариалангийн талбай, орон сууц, гүүр болон бусад дэд бүтэц эвдэрч, урсан одсон аж.
Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Шерри Рехман үүсээд буй нөхцөл байдлыг "уур амьсгалаас үүдэлтэй хүмүүнлэгийн аймшигт гамшиг" гэж тодорхойлоод, "Одоо Пакистан улсын гуравны нэг нь усан дор ороод байгаа бөгөөд энэ нь бидний өмнө нь харж байсан бүх хил хязгаар, хэм хэмжээнээс давсан явдал" хэмээжээ.
Бэлэн мөнгөний хомстолд орсон тус улс нь өр төлбөрөө төлөх боломжгүй нөхцөлд орж болзошгүй тул Олон улсын валютын сангаас өнгөрөгч даваа гарагт 1.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн юм. Гэхдээ уг байгалийн гамшгаас өмнө ч Пакистан эдийн засгийн хямралд өртөн, ОУВС-тай мөнгөн тусламжийн асуудлаар хэлэлцээ хийж байсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.