СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин бараалхав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.29) Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Пак Жин-ийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байна гээд манай улсад тавтай зочлохыг хүсэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсыг сайн мэддэг, элэгсэг дотно ханддаг ноён Пак Жин сайдын Монгол Улсад хийж буй айлчлал манай хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж байгаадаа баяртай байна гээд өмнө нь Үндэсний ассамблей дахь Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргын хувиар Монгол Улсад айлчилж байсныг дурдахад таатай байна гэлээ. Тэрбээр БНСУ, Монгол Улс хоорондын харилцаа өнгөрсөн 32 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. Манай хоёр орны ирээдүйг хөтлөх хүүхэд залуучууд хоорондын хамтын ажиллагаа, солилцоо чухал болохыг онцолж, мөн парламент хоорондын хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаж, БНСУ нь Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон гэв.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, цаашид Парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.  Мөн Монгол Улс, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг улам төгөлдөржүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд парламентын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга, Гадаад хэргийн сайд нар олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, ярилцав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.