СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-29

Хотын дарга Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

 

Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хөгжлийн загварчлал бол улсын нүүр царай. Аялал жуулчлал, бизнес инновацийн салбарт мөн чухал ач холбогдол өгч ажиллахыг хүсье. Эдгээр салбаруудад онцгойлон анхаарч, хамтран ажиллах өргөн бололцоо бий гэж харж байна” хэмээн өгүүллээ.

 

Энэ үеэр Элчин сайд Ө.Батбаяр “Улаанбаатар хот ногоон хот болох учиртай. Денвер хот Ботаникийн томоохон хэмжээний хүрээлэнтэй. Энэхүү ботаникийн хүрээлэнтэй хамтран ажиллах, түүнчлэн Богд Хан уулыг Монгол Улсын жишиг дархан цаазат газар болговол аялал жуулчлалын салбарт том түлхэц болно” гэсэн саналыг хэлж байсан юм. Тэрбээр уулзалтын талаар өгүүлэхдээ “Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 21 жилийн ой, Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тус тус энэ онд тохиож буй. Мөн цар тахлын үед завсарлаад байсан харилцааг гүнзгийрүүлэх, нөгөө талаас Денвер, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхээр Хотын даргатай уулзаж, хоёр талын саналыг солилцлоо. Улаанбаатар хот жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг АНУ-ын талтай хэрхэн уялдуулах вэ зэрэг асуудлаар мэдээлэл солилцсон. Мөн Улаанбаатар хот бол аялал жуулчлалын томоохон үүд хаалга, улсын нүүр царай болж буй газар учир аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой. Музей, дурсгалт газруудыг шинэчлэх, аялал жуулчлалын бусад бүтээгдэхүүнийг бий болгох учиртай. Энэ тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд хамтран ажиллах боломжийн талаар судлахаар тохиролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.