Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэгдсэн, эсвэл нэмэгдээгүй гэсэн асуулт олон хүнд байна.
Учир нь эмнэлгүүд цалингаа нэмлээ гэсэн мэдээлэл гаргаж, харин нийгмийн сүлжээнд зарим хүмүүс цалин нэмэгдээгүй гэсэн пост оруулах болжээ. Иймээс үнэхээр цалин нэмэгдсэн эсэхийг лавлав.
2020 онд эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо төрийн албан хаагчидтай ижил журмаар явдаг байв. Нэг үгээр хэлбэл та ямар цалин авах вэ гэдгийг засгийн газар тогтоож өгнө. Таны цалин Улсын төсөвт сууж УИХ батлах болно. Энэ дагуу эмнэлэгт цалингийн санхүүжилт орж, түүнийгээ та авна. Та хэр сайн ажилласан, хэрхэн чадварлаг байсан зэргийг тань үнэлэх үнэлэмж бага. Эмнэлгийн удирдлага танд сайн ажилласан шүү гэж хэлээд цалин нэмэх эрх мэдэл байхгүй. Эрүүл мэндийн салбарын сайд нь таны цалинг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газарт хүсэлтээ өгнө.
Сангийн яам тооцож, судалж үзээд улсын төсөвт суулгах эсэхээ шийднэ. Хэрэв суулгах юм бол УИХ-ын гишүүд хэлэлцээд шийднэ. Ийм тогтолцоотой байлаа. Энэ тогтолцооны хүрээнд эмчийн дундаж цалин 2020 онд 843,700 төгрөг байжээ. Үүн дээр удааан ажилласан, янз бүрийн нэмэгдэл нь ороод 1,000,000 төгрөг чүү ай хүрнэ. Үүнээсээ улсад төлөх ёстой бүх татвараа төлдөг байлаа.
Харин 2022 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн салбарын цалингийн систем хэрхэн өөрчлөгдөв. Үүнд хариулалт хүсч хэд хэдэн эмнэлгийн эмч, сувилагч, нягтлан, захирал зэрэгтэй уулзаж тодрууллаа. Эдгээр хүмүүсээс авсан мэдээллээр бол маш том өөрчлөлт бий болжээ. Тухайлбал улсын нэгдсэн төсвөөс цалин эмнэлэгт орж ирдэг байсан тогтолцоо бүрэн байхгүй болжээ. Учир нь гүйцэтгэлийн санхүүүжилтийн систем эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна. Энэ нь эмнэлэг нь эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн танд сайн, чанартай, сэтгэл хүрсэн үйлчилгээг үзүүлнэ. Үүнийхээ ажлын хөлсийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авна. Энэ мөнгөөрөө ажилтандаа цалингаа тавина. Эрүүл агаад өрсөлдөөнийг бий болгосон. Нөгөө талдаа иргэн чанартай үйлчилгээ авах боломжийг нээсэн тогтолцоо юм. Харин эмч, ажилтанд энэ тогтолцоо өгөөжөө өгч эхэлсэн гэдгийг цалин нэмлээ гэсэн эмнэлэг бүрийн мэдээлэл бататгаж буй юм.
Дээр хэлсэнчлэн 843,700 төгрөгийн үндсэн цалин авдаг байсан эмчийн цалингийн доод жишгийг Засгийн газрын 107 дугаар тогтоолоор бий болгох ажлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийжээ. Уг тогтоолын хүрээнд эмчийн авах ёстой хамгийн бага цалин 943,899 төгрөг болж өөрчлөгджээ. Өмнө нь үндсэн цалин гэж 843,700 төгрөгөөс дээш авах гэхээр төсвийн хууль зөрчсөн болдог байсан бол харин 2022 оны 8 дугаар сард энэ байдал өөрчлөгдөж доод тал нь 943,899 төгрөг авна. Харин дээшээ хэдэн ч төгрөг авч болно. Гагцхүү энэ эрх мэдэл эмнэлгийн удирдлагад шилжсэн байна. Гүйцэтгэлийн санхүүжилтээр орлогоо олж буй эмнэлгийн дарга сайн ажилтандаа цалинг нь хэдэн хувиар ч нэмж олгож болно. Тэр эрх мэдэл нь бүрэн шилжсэн. Өмнөх шиг төсвийн хууль зөрчих эрсдэлтэй нүүр тулахгүй ээ л гэсэн үг. Иймээс л 2022 оны 8 дугаар сард эмнэлгүүд уралдан цалингаа төчнөөн хувиар нэмэгдүүллээ гэсэн мэдээллийг тараагаад байжээ.
Дээрх хэлсэнчлэн үндсэн цалин нь 843,700 төгрөг, нэмэгдэлтэйгээ нэг сая хүрэхүйц цалин авдаг байсан эмч 2022 оны 8 дугаар сард дундажаар 2,099,000 төгрөгийг авдаг болсон байна. Эндээсээ мэдээж хэрэг татвар, шимтгэлээ төлнө.
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн цалингийн системийн энэхүү өөрчлөлт нь эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах гүйцэтгэлийн санхүүжилтийн системтэйгээ бүрэн уялдсан ажил юм байна. Хууль гарах нэг хэрэг. Харин хуулийг сайн хэрэгжүүлж амьдралд нэвтрүүлнэ гэдэг салбарын том бодлого байдаг. Энэ бодлогыг богино хугацаанд хэрэгжүүлж, үр дүнг нь үзэж эхэлсэн нь эрүүл мэндийн яамны удирдлагын ажлын ур чадвар гэж харж болохоор байна. Ийнхүү эрүүл мэндийн салбар цалингийн доод жишигтэй болж, ажиллаж чадвал ахиу цалин авах тогтолцоог нэвтрүүлжээ.
Үүгээр зогсохгүй эмнэлгийн удирдлага орлоготой байх юм бол эмч, сувилагч, асрагч нартаа орон байр шийдэх эрх мэдэлтэй болсон. Энэ эрх мэдлийг илэрхийлэх ганц хоёр жишээ нь УГТЭ-ийн захирал энэ 8 дугаар сард 30 ажилтандаа байрны урьдчилгаа өгч байв. Мөн ЭХЭМҮТ-ийн захирал удирдлагын багаараа хуралдаж шийдвэр гаргаад 30 сая төгрөгийн орон сууцны дэмлэгийг 33 ажилтандаа өглөө. Энэ мэт эмнэлгийн удирдлага орлогоосоо эмч ажилтандаа өгдөг цоо шинэ тогтолцоог Эрүүл мэндийн салбарт эхлүүлчихлээ. Энэ эхлэлийг хийсэн авто нь ЭМЯ-ны одоогийн удирдлага болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.