Хятадын Чунчин хот хэт халууны давлагаанд өртөж, агаарын температур нь 40 хэм даваад байгаа ч албаныхан тус хотын төв хэсгийн 10 сая оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамрагдахыг шаардсаны улмаас олон сая иргэн хэдэн цагийн турш гудамжинд дугаарлаж зогсон, улмаар зарим нь ухаан алдаж унажээ.
Чунчин нь халууны давлагаа, ган гачиг, ойн гал түймэр, цахилгааны тасалдлаас гадна цар тахлын шинэ дэгдэлтэд нэрвэгдээд байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид "Тэг Ковид" бодлогын хүрээнд хатуу арга хэмжээ авч, хотын оршин суугчдыг нийтээр нь шинжилгээнд хамруулахаар зорьж байна.
Тус хотод өнгөрөгч лхагва гарагт халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж.
Хятадад 1961 оноос хойш тохиосон хамгийн аюултай халууны давлагааны улмаас тус улсын 100 гаруй хотод агаарын температур 40 хэмийг давж, баруун өмнөд, төв болон зүүн хэсгийг ой хээрийн түймэр бүрхээд байгаа юм. Чунчин хотын эргэн тойрон дахь ой мод, уулс ч мөн сүүлийн өдрүүдэд гал түймэрт бүхэлдээ нэрвэгдсэнээр орон нутгийн онцгой байдлын олон мянган алба хаагч галыг унтраахаар тэмцэж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.