СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-26

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг зориулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.

Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байгаа ажээ. Тун удахгүй эхлэх . Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй.

Тиймээс энэхүү өргөн хүрээний зорилтын биелэлт ямар байгаад Нийслэлийн Засаг дарга, түүний зөвлөлийн гишүүд анхаарал хандуулсан. Зөвлөлийн хуралд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:

 

-Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа. Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа гэсэн юм.

470 ТУСЛАХ БАГШ, 386 БҮЛГИЙН БАГШИЙГ БЭЛТГЭЭД БАЙНА

Өмнө дурдсан 141 мянга гаруй хүүхдийн 106 538 хүүхэд хамран сургах тойргийн хүрээнд цэцэрлэгт шууд хамрагдаж байна. Харин үлдэж буй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн юм. Тухайлбал, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сургалтын зориулалтаар байр түрээслэх замаар 9850 хүүхэд, цэцэрлэгийн зориулалтаар барилга байгууламж худалдан авах зарчмаар 2290 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайд нэмэлт элсэлт авч 10272 хүүхэд, хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин /нэг цэцэрлэг/ 25 хүүхэд, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хоёр бүлэгт 50 хүүхэд гэхчлэн нийтдээ 25787 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулахаар болжээ. Цаашид 8700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах тал бүрийн боломжийг судалж буй ажээ. Цэцэрлэг, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан БШУЯ болон гурван их дээд сургуультай хамтран 1000 туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Эхний ээлжийн 470 туслах багш, 386 бүлгийн багшийг бэлтгэн гаргажээ. Богино хугацаандаа түрээслэх болон худалдан авах байр олдоогүй, шинээр цэцэрлэг барих дэд бүтэцгүй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн алслагдсан бүсийн цөөн тооны хороонд гэр цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Шалны халаалттай хоёр гэр нийлүүлж барих байдлаар хүүхдүүдийг хамруулах юм байна. Цаашдаа гэр цэцэрлэгээс аль болох зайлсхийх бодлого барих хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санууллаа.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд  хамран сургах тойргийг ягштал баримтлах бөгөөд ганцхан тухайн цэцэрлэгт ажиллаж буй багш, ажиллагсдын хүүхдийг тойрог хамааралгүй сургах боломжийг л олгож буй гэнэ. Хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тухайн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд авсан бол хариуцлага тооцохоор тусгажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.