Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын иргэд өнгөрсөн долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн билээ. Гамшигт нэрвэгдсэн иргэдэд олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нийт 1 тэрбум 223 сая төгрөгийн хандив цугларчээ. Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар ирсэн хандив тусламжийн мөнгийг хуваарилах асуудлыг хэлэлцсэн байна.
510 сая төгрөгийг гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдэд зориулж байшин барихад, 200 сая төгрөгийг үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж болгон олгоход, 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжилтийн зардалд
Үүний 510 сая төгрөгийг гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдэд зориулж байшин барихад, 200 сая төгрөгийг үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж болгон олгоход, 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжилтийн зардалд, 25 сая төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар шийдвэрлэж, үүнээс 200 сая төгрөгийг Өлгий сумын үерт нэрвэгдсэн иргэдэд хууль журмын дагуу, ил тод шударгаар олгох ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч А.Камелият ахалж, гишүүдээр ИТХ-ын тэргүүлэгч Д.Сараа, төлөөлөгч Х.Холганат, төлөөлөгч Е.Зангар, төлөөлөгч Мүпти, төлөөлөгч Р.Төлеу, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Засаг дарга Х.Бахытхумар, Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай нар орсон билээ.
Тэрээр ажлын хэсэг байгуулагдсанаас удаа дараа хуралдаж үерийн гамшигт өртсөн нийт 973 өрхийн хохирлын хэмжээг харгалзан тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг Төрийн банкаар дамжуулан олгохоор тогтоосон байна.
Үүнд: Их хэмжээний хохирол амссан 306 өрхөд тус бүр 300 мянган төгрөг, үлэмж хэмжээний хохирол амссан 274 өрхөд тус бүр 220 мянган төгрөг, бага хэмжээний хохирол амссан 393 өрхөд тус бүр 122 мянган төгрөг олгохоор тус тус комиссын шийдвэрээр тогтоож Төрийн банканд шилжүүлжээ.
Иймд үерийн гамшигт өртөж хохирол амссан /973 өрхийн нэрсийн жагсаалтад орсон/ ард иргэд Төрийн банканд иргэний үнэмлэхтэйгээ очиж мөнгөн тусламжаа авах боломжтой гэнэ.