АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден жилийн 125 мянган ам.доллароос бага орлоготой иргэдийн оюутны зээлээс 10 мянга хүртэлх ам.долларыг өршөөхөөр болсноо зарлажээ.
Мөн Холбооны Пелл Грант сангаас санхүүгийн дэмжлэг хүртэгч оюутнуудын 20 мянган ам.долларын өрийг өршөөх юм. АНУ-ын ойролцоогоор 43 сая иргэн нийт 1.6 их наяд ам.долларын оюутны зээлийн өртэй бол тэдний бараг тавны нэг нь 10 мянган ам.доллароос бага өртэй аж.
Ноён Байден энэхүү шийдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ "Уг төлөвлөгөө нь ажилчин болон дундаж давхаргын гэр бүлүүдэд бага ч гэсэн "амьсгалах чөлөө" олгоно. Одоо үеийн нийгмийн дарамт маш хүнд байгаа тул зарим иргэн их сургуулиа төгсөж, дээд боловсрол эзэмшсэн ч дундаж давхаргын амьдралд нэвтрэх боломжгүй болоод байна. Нийт зээлдэгчийн гуравны нэг орчим нь оюутны зээлийн өртэй ч дипломгүй" хэмээн онцолжээ.
Түүнчлэн, анх 2020 оны гуравдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн оюутны зээлийн эргэн төлөлтийг түр зогсоох арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.