Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өнөөдөр Н.Энхболд нарын 62 гишүүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн барьсан юм.
Ийнхүү Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Н.Энхболд, төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг ТББХ-ны дарга Ж.Мөнхбат нар уншиж танилцуулав.
Үргэлжлүүлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйл, заалт тус бүрийг хэлэлцэж, нийт гишүүдийн дөрөвний гурваар шийдвэрлэхээр болов. Ингээд анхны хэлэлцүүлгээр санал хураахад Т.Доржханд гишүүнээс бусад хуралдаанд оролцсон 61 гишүүн дэмжсэн товч дарав.
Санал хураалтаар гишүүдийн олонх дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
ТББХ-ны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлүүлэн хуралдахаар болов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.