Оросын цэргийн хүчин Украины Чаплине хот дахь галт тэрэгний буудал руу пуужин харвасны улмаас 22 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархадсан байна. Амиа алдсан хохирогчдын тав нь автомашиндаа шатаж нас барсан бөгөөд тэдний дунд 11 настай хүү байжээ.
Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр уг халдлагын талаар мэдэгдсэн бол ОХУ-ын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Тус улсын арми Украины иргэний дэд бүтцүүдийг онилдоггүй гэж удаа дараа зарласаар ирсэн билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш үүсээд буй нөхцөл байдлын талаар албан ёсны мэдэгдэл хийхдээ, "утгагүй дайн" нь Украин болон бусад улс орны олон сая хүнийг нэн ядуурал руу түлхэж болзошгүй гэж анхааруулжээ.
Барууны орнууд Украиныг дэмжсээр буйгаа бат илэрхийлсэн бөгөөд Их Британи 63.5 сая ам.долларын цэргийн шинэ тусламж үзүүлэхээ зарласан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гурван тэрбум ам.долларын нэмэлт тусламжийн багцыг батлаад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.