Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд холбогдох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Тодруулбал, өнөөдрийн уралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр гаргасан 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй юм.
УИХ-ын гишүүд байр сууриа ийнхүү илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-2022 оны наймдугаар сарын 15-наас эхлээд Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэц тогтоол үйлдсэнээр хүчингүй болсон.
Өмнө нь Үндсэн хуулийн цэц бусад хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхэд дүгнэлт гаргадаг байсан. Харин 2022 оны 02 дугаар тогтоолоороо Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар шийдсэн учраас хамгийн эцсийнх. Үүнийг УИХ хэлэлцэх боломжгүй. Гэхдээ хэлэлцэх боломжгүй гээд орхиж болохгүй нөхцөл байдал үүсээд байна гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-2019 онд 76 гишүүнтэй байвал давхар дээлтэй сайд дөрвөн байхад болно гэсэн зарчмаар л шийдвэрлэсэн байдаг. Гэтэл үүнийг Цэц их суудлын хуралдаанаараа байхгүй болгочихлоо. Одоо бүгд давхар дээлтэй болох юм уу. Тэгэхээр Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарах нь. Дараа дараагийн Засгийн газрыг байгуулахад асуудал үүсгэчихлээ. 76 гишүүнтэй тохиолдол бүх сайд "давхар дээл" өмсөх боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Үүнийг л хуулиндаа нийцүүлж, өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэхдээ гишүүдийнхээ тоог нэмэх хэрэгтэй гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Монгол Ардын Нам өөрийгөө булшилчихлаа. Та нар дууссан. Улс төржсөн мэдэгдэл биш ээ. Та нар Үндсэн хуульд халдчихлаа. Төрийн эрхийг хууль бусаар авах булай ажлыг хийчихлээ.
Энэ бүхний үр дүнд сайдын суудалд тачаадсан хэдэн нөхдийн хүсэл хангагдах байх. УИХ төсвийг захиран зарцуулдаг эрхийг бид өөртөө авч байна. Цэцийн хэдэн долдой нараар захиалга өгч, энэ эрхийг авлаа хэмээв.
Ийнхүү гишүүдийн олонх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.