Европын гуравны хоёр нь тодорхой хэмжээний ган гачигт нэрвэгдсэнээр тус тив нь сүүлийн 500 жилд тохиож байгаагүй аюулт ган гачигт өртөөд байгааг эрдэмтэд анхааруулж байна.
Дэлхийн гангийн ажиглалтын төвийн тайланд дурдсанаар, Европын 47 хувийнх нь хөрс хатаж, "аюултай" нөхцөлд байгаа бол 17 хувь нь түгшүүрийн байдалтай байгаа аж. Хуурайшилт нь газар тариалангийн ургацад сөргөөр нөлөөлж, ой хээрийн түймэр дэгдээн, тивийн өмнөд хэсгийн зарим бүс нутагт дахиад хэдэн сар үргэлжлэх магадлалтайг тус тайланд тэмдэглэжээ.
Ургац хураалтын урьдчилсан таамгийг өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад эрдэнэ шиш 16 хувь, шар буурцаг 15 хувь, харин наранцэцэг 12 хувиар буурах төлөвтэй байна.
Урт удаан хугацааны турш үргэлжилж буй халууны давлагаа, усны хомстол нь "Европын Холбоо даяарх усны түвшинд урьд өмнө байгаагүй дарамт үүсгэсэн" гэж судалгааны комиссар Мария Габриэль хэлжээ. Тодруулбал, Европын бараг бүх гол мөрөн тодорхой хэмжээгээр ширгэсэн бөгөөд энэ нь усан онгоцнуудын үйл ажиллагаанд илт нөлөөлөхөөс гадна эрчим хүчний салбарыг улам хямраагаад байгаа юм.
Мөн Итали, Испани, Португал, Франц, Герман, Нидерланд, Бельги, Люксембург, Румын, Унгар, Сербийн хойд хэсэг, Украин, Молдав, Ирланд, Их Британи зэрэг оронд нөхцөл байдал улам дордож байгааг Дэлхийн гангийн ажиглалтын төвийн тайланд онцолжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.