Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Япон Улсын төр, засаг манай улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн үзэж байна гэв.
Сайд Б.Батцэцэг манай хоёр улсын улс төрийн харилцаанд өнөөг хүртэл хүрсэн ололт амжилтыг бататгах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чиглэлд бодит ахиц гарч, харилцааны итгэмжилсэн байдал гүнзгийрч, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зүгээс хоёр улсын харилцааны хөгжилд анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв.
Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим, Зөвлөхүүдийн танхимын 9 гишүүн, иргэд, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн 86 төлөөлөгчийн хамт Монгол Улсад айлчилж буйгаа танилцуулав. Тэрээр 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Засгийн газар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, цаашид парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгаар зохион байгуулж буй “Их Хуралдай” симпозиумын нээлтийн ажиллагаанд оролцов. “Их Хуралдай” симпозиумын үеэр “Япон-Монголын хамтын ажиллагаа”, “Парламентын гишүүд хоорондын харилцааны өнгөрсөн ба ирээдүй”, “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсон түүх”, “Эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн боломж”, “Иргэдийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв, идэвхжүүлэх арга замууд”, “Залуучуудын харилцан ойлголцлыг дэмжих” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.
8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Монгол, Япон бизнес форум 2022”, “Япон Фестиваль Монгол 2022”, Японы алдарч дуучин Кон Ёокогийн “Зуурдын сэтгэл” концерт, “Сүүн зам” бүжгийн наадам зэрэг соёл, урлагийн цуврал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Япончуупад талархаж явдаг шүү, 90 оны үед юу ч үгүй хоосон болцон Монголыг авч явсаар 2000 он хүргээд уул уурхайтай золгуулсан шүү