УИХ-ын ээлжит бус өнөөдрийн чуулганы дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар гурван асуудал хэлэлцэнэ.
Нэгдүгээрт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсоно. Өнөөдөр үдээс хойш УИХ сонссон.
Хоёрт, Үндсэн хуулийн 02-р тогтоолтой холбогдуулж цаашид шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг хэлэлцэнэ.
Гуравдугаарт, улс орон, нийгэм эдийн засгийн байдалтай холбогдуулж Засгийн газрын мэдээллийг сонсох байгаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-нд 02 дугаар тогтоол гаргасан. Энэ 02-р тогтоолтой холбогдуулж, үүсч байгаа нөхцөл байдлын талаар бүлгийн хурлаар хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэц зарим иргэн, УИХ-ын гишүүний гомдлын дагуу Үндсэн хууль зөрчсөн маргааны талаар наймдугаар сарын 15-нд их суудлын хуралдаанаараа хуралдаж, Үндсэн хуулийн 39-р зүйлийн 1, 2 дахь өгүүлбэр буюу “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
Нэгэнт Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргасан учраас УИХ үүнийг хянах, авч хэлэлцэх эрх байхгүй. Гэхдээ үүнтэй холбогдуулсан цаашдын эрх зүйн орчныг яах вэ гэдэг асуудлыг ярих ёстой учраас МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа юм.
1992 оны Үндсэн хуулийг баталсан депутатуудын зүгээс мөн нийгмийн зарим бүлгүүдийн зүгээс шүүмжлэлүүд гарч байгаа. Энэ асуудлыг бүлэг аль аль талаас нь ярилцсан.
Бүлгийн зүгээс хоёр чиглэлийн шийд гаргаж байгаа. Нэгдүгээрт, цэцийн шийдвэр эцсийнх ч гэсэн цэцийн шийдвэртэй холбогдуулж, тайлбар тодруулга авах хэрэгтэй байна гэж үзсэн. Тийм учраас УИХ-аас өнөөдөр цэцээс тодорхой тайлбар, тодруулга хүссэн хүсэлт явуулсан. Энэ бол цэцийн шийдвэрт нөлөөлөх гэж байгаа хэлбэр биш.
Хоёрт, цэцийн шийдвэр эцсийнх учраас цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярих шаардлагатай болоод байгаа юм. Зарим нэг хүний ярьж байгаа шиг шууд Засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулчихаж болохгүй юм. Яагаад гэвэл, УИХ-ын 57-оос доошгүй гишүүн өөрчлөхөөр Үндсэн хуулинд заасан.
Ийм хоёр чиглэлээр бүлэг өнөөдөр хуралдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.