Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадамд тодорхой амжилт үзүүлсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний сүүлийн хариу өнгөрсөн Баасан гарагт ирсэн.
Өмнө нь Үндэсний их баяр наадамд тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс дээрх шинжилгээг авдаг байсан бол энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан буюу баяр наадамд барилдсан 1,024 бөхийн 64 нь допингийн шинжилгээнд хамрагдсан. Мөн 16 харваачаас шинжилгээ авсан бөгөөд нийт 80 хүний шинжилгээг БНСУ-ын лаборатори руу явуулсан.
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хамгийн сүүлийн хариу өнгөрсөн Баасан гарагт буюу 8-р сарын 19-нд ирсэн. Шинжилгээ өгсөн бөхчүүдийн 63 нь допинг хэрэглээгүй бол нэг бөх допинг хэрэглэсэн гэх хариу ирсэн.
Тухайн допинг илэрсэн бөх нь тавын даваанд унасан. Иймд бөхчүүдийн цол, эрэмбийн дэс дараалалд өөрчлөлт орох асуудал энэ удаа гарахгүй.
Энэ бөхийн нэрийг хэлэх боломжгүй бөгөөд бид шинжилгээний хариуг биечлэн танилцуулж В сорьцын шинжилгээнд орох эсэхийг нь хувь тамирчнаас асууж, В сорьц өгөхгүй гэсэн тохиолдолд олон нийтэд нэрийг нь мэдээлнэ.
Харин В сорьцын шинжилгээнд тухайн тамирчин орно гэвэл тухайн шинжилгээний хариу гартал олон нийтэд мэдээлэх боломжгүй. Шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд хариуцлагын асуудал зохих журмын дагуу явагдана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.