Голомт банк “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Археологийн олдворууд нь Монгол Улсын түүх, өв соёл, зан заншил, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой бөгөөд хойч үедээ үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээх томоохон ач холбогдолтой. “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг шинжлэх ухааны арга зүйн дагуу шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад Монголын соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүд дээр хамтарч, дэмжин ажиллах юм.
Энэ жилийн хувьд “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг сонгон, археологийн ажлаа эхлүүлээд байна.
Төслийг хэрэгжүүлэгч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн:
Голомт банкны санаачилга, санхүүжилтээр “Өв соёлын голомт” нэртэй урт хугацаанд үргэлжлэх томоохон төслийг эхлүүлээд байна. Уг төслийг манай ШУА-ийн Археологийн хүрээлэн хариуцан хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар болон Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэн ажиллах юм. Археологийн малтлага судалгааг зөвхөн археологичид хийгээд л дуусдаг ажил биш юм. Тухайлбал, хэл шинжлэл, соёл судлал, түүхчид, архитекторууд, он цаг тогтоох ажлууд дээр хими, физикийн мэргэжилтнүүд зэрэг маш олон шинжлэх ухааны оролцоотойгоор хийгддэг. Мөн археологийн малтлага судалгааны олдворуудаас шашны холбогдолтой эд зүйлс ихээр илэрдэг бөгөөд Буддын шашны холбогдолтой эд зүйлсэд манай археологичдын тайлж уншиж чадахгүй, нарийн утга агуулгатай зүйлс олноор гарч ирдэг. Тийм ч учраас Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн тусламж дэмжлэгийг авч Монголын археологийн дурсгалаас олдсон бурхны шашны холбогдолтой эд, өлгийн зүйлсийг илүү нарийвчлан судлан тайлбарлах боломжийг эрэлхийлж, хамтран ажиллаж байна.
Зүүн гар талаас Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Голомт банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуяг нар
Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан:
Монголын түүхийг ярилгүйгээр Азийн түүх, цаашлаад дэлхийн түүхийг ярих боломжгүй гэж үздэг. Монголчуудын оюуны соёлын түүхийг эрэн сурвалжлах “Өв соёлын голомт” шинэ төсөл дээр манай Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн зүгээс Монгол оронд дэлгэрч байсан Буддын шашны 2000 орчим жилийн түүхийг археологийн олдвороор нотлох, тодотгож гаргаж ирэх, олон түмэнд танин мэдүүлэхээр зорин ажиллаж байна. Монголчуудын эртний ёс заншил, түүх соёл, бичиг үсэг, сүсэг бишрэл, үзэл санаа нь шашин шүтлэгтэй салшгүй холбоотой байсан нь, мөн дэлхий дахинаа түгэхэд Монголчуудын үүрэг оролцоо маш их байсан гэдэг нь археологийн хөдөлшгүй баримт, олдвороор батлагддаг.
Голомт банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуяг:
Монгол Улс зуун зуунаар тоологдох алтаар бичигдэх түүх шастиртай, төр улс, эдийн засаг, соёл, шашны гол төв, манлайлагч улс үндэстэн байсан. Энэ бүхнийг эдүгээ цагт Монголчууддаа, цаашлаад дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, нотлон харуулах нь туйлаас чухал. Үүнд археологийн олдворууд буюу түүхийн тулгар сурвалжуудын нэг болох эд өлгийн олдворууд нэн чухал үүрэгтэй. Энэхүү эд өлгийн олдворуудыг нээн илрүүлэх, улмаар хөдөлшгүй баримтаар нотлох хүндтэй бөгөөд амаргүй ажлыг хэрэгжүүлж буй ШУА-ийн дэргэдэх Археологийн хүрээлэн болон Голомт банк хамтран “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.