АНУ-ын тал Тайваньтай албан ёсны худалдааны хэлэлцээр хийх болсноо мэдэгджээ. Уг хэлэлцээний эхний шат ирэх намрын эхээр эхлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааг хөнгөвчлөх, дижитал худалдаа болон авлигатай тэмцэх стандарт зэрэг сэдвээр санал солилцоно гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдээлсэн юм.
Хоёр талын худалдааны гэрээний талаарх санаачилгыг анх өнгөрсөн зургаадугаар сард танилцуулсан бөгөөд одоо талууд "хэлэлцээрийн бүрэн эрхийн талаар зөвшилцөлд хүрсэн" аж. АНУ-ын Худалдааны дэд төлөөлөгч Сара Бианчи албан ёсны мэдэгдэлдээ "Бид 21-р зуун дахь илүү шударга, илүү өр өгөөжтэй, уян хатан эдийн засгийг бий болгоход туслах энэхүү төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн тэмдэглэжээ.
Тайвань болон АНУ-ын хоорондын худалдаа 2020 онд бараг 106 тэрбум ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын эхээр Тайваньд айлчилснаас хойш АНУ, БНХАУ-ын харилцаа улам хурцадсан бөгөөд Хятадын армийн Тайванийг тойрсон цэргийн сургуулилт өнөөг хүртэлх хамгийн өргөн хүрээнд шилжсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.