Кенийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний ахмад удирдагч, Ерөнхий сайд асан Райла Одинга ялалт байгуулна гэж олон хүн таамаглаж байсан ч Шадар сайд Уильям Руто 50.49 хувийн санал авч, тус улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Сонгуулийн үр дүн ил болсноос хойш нийслэл Найробид эмх замбараагүй байдал үүсэж, жагсаал цуглаан үргэлжилж байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын Сонгуулийн хороо хуваагдаж, дөрвөн албан тушаалтан үр дүнгийн талаар маргасан тул сонгуулийн дүнг зарлах хугацаа хоёр цаг гаруйгаар хойшилсон аж. Түүнчлэн Үндэсний тооллогын төвд зодоон дэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн ба Райла Одингагийн эвсэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.
Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, их хэмжээний өрөнд ороод байгаа Кени улсын эдийн засгийг сэргээж, бүх иргэнд илүү их боломж олгохоо ноён Руто сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан билээ. Тэгвэл тэрээр ялалтаа тэмдэглэн албан ёсны мэдэгдэл хийхдээ "Бидэнд өс хонзон санах хугацаа байхгүй. Манай улсын өнөөгийн нөхцөл байдлын улмаас бид бүгд хамтран зүтгэх ёстой. Энэ сонгуульд ялагдагч байгаагүй. Харин ч улс төрийн босго дээшилсэн тул Кенийн ард түмэн хамгийн том ялалт байгууллаа" хэмээжээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.