АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын эхээр Тайваньд айлчилснаас хойш Конгрессын нэр бүхий төлөөлөгчид тус аралд гэнэтийн айлчлал хийжээ. Тайвань дахь Америкийн хүрээлэнгээс мэдээлснээр, уг айлчлал нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийх өргөн хүрээний айлчлалын нэг хэсэг аж.
Конгрессын таван гишүүний энэхүү айлчлал өнгөрөгч даваа гарагт дууссан болохыг Тайпей дэх Вашингтоны де-факто Элчин сайдын яам мэдэгдсэн юм. Хатагтай Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд тус аралд айлчилсан Америкийн хамгийн ахмад улстөрч болсон бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэхүү айлчлалыг "хариуцлагагүй ба үндэслэлгүй" явдал гэж буруушаан, Тайванийг тойрсон томоохон цэргийн сургуулилтаа эхлүүлээд байгаа билээ.
Түүнчлэн, Камбожид болсон Зүүн өмнөд Азийн орнуудын Гадаад хэргийн сайл нарын уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "Эцэст нь Тайвань эх орныхоо өлгийд буцаж ирнэ" хэмээн тэмдэглэсэн байна.
АНУ-ын зүгээс энэ сард ийнхүү хоёр дахь удаагаа дээд хэмжээний айлчлал хийсэн нь тус улс Тайванийг "бат дэмжиж" байгааг харуулсан гэж Ерөнхийлөгч Цай Инвэний ажлын албанаас онцолжээ. Конгрессын төлөөлөгчид Тайванийн удирдагчидтай бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.