ОХУ, Умард Солонгос улсууд "хоёр орны ашиг сонирхолд нийцсэн байдлаар хоорондын харилцаагаа өргөжүүлнэ" гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Солонгосын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд илгээсэн захидалдаа ноён Путин ийнхүү онцлон тэмдэглэсэн байна.
Харин ноён Ким үүний хариуд "Японы эсрэг дайны үеэр бий болсон Орос-Умард Солонгосын найрамдал улам бэхжиж, хөгжсөөр ирсэн. Дайсагнагч хүчний цэргийн заналхийлэл, өдөөн хатгалгыг таслан зогсоох хүчин чармайлтын хүрээнд хоёр орны стратеги, тактикийн хамтын ажиллагаа, дэмжлэг, эв нэгдэл шинэ түвшинд хүрлээ" хэмээжээ. Пёньяны тал дайсагнагч хүчнийг тодорхойлоогүй ч тэд АНУ болон түүний холбоотнуудыг шууд бусаар нэрлэж байгааг шинжээчид хэлсэн юм.
Түүнчлэн өнгөрөгч даваа гарагт Москвагийн ойролцоо болсон арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Путин ОХУ-ын зэр зэвсгийн хүчин чадлыг гайхуулан, "Бид холбоотнууд болон түншүүддээ бага оврын зэвсгээс эхлээд хуягт машин, их буу, байлдааны нисэх онгоц зэрэг хамгийн орчин үеийн зэвсгийг санал болгоход бэлэн байна" хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч тус улсын арми өнгөрсөн хоёрдугаар сард Украинд түрэмгийлснээс хойш их хэмжээний хохирол амсаад байгаа.
Умард Солонгос улс харин ОХУ-ын энэхүү цэргийн ажиллагааг дэмжсэн цөөхөн улсын нэг болж, зүүн Украин дахь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагч хоёр "Ардын бүгд найрамдах улс"-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүний хариуд Украин улс Пёньянтай бүх дипломат харилцаагаа тасалсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв, дээрэлхүүлсэн гэмгүй ард түмэн эерэг нэгдлийг хайдаг жамтай