СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-15

Л.Халтар: Дарханы замыг 2023 оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулах гэрээ байгуулсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Зам, тээврийн салбарт үүссэн нөхцөл байдал, тус салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР ярьж байна. 

-ЗТХЯ улс орны болон тив хоорондын тээвэр логистикийн бодлогыг зангидаж, өрсөл­дөөнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг газар. Гэсэн ч хил гааль хаагдах, ачаа тээш саатах болон зам тээврийн салбартай холбоотой таатай, таагүй мэдээ­лэл хөндөгдөх үед яам, сайд хоёр анхаарлын төвд орж ирдэг болж?

-Хамгийн энгийн үгээр хариулъя. Улс орны хөгжил, бүтээн байгуу­лалтад тээвэр, онцгой ач холбог­долтой нь хэнд ч ойлгомжтой. Яам бол төрийн байгууллага. Нөгөө талдаа хүмүүсийн анхдагч хэрэгцээ болсон тээврийн асуудлыг хариуцсан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Онгоц, автомашин, галт тэрэг, усан онгоц гээд бүх тээвэр өнөө цагт хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ, хэрэглээ болсон учраас манай яам болон харьяа байгууллагуудын ажил үүрэг хүн болгонд хамаатай байдаг. Улс орон дотроо ч биш дэлхий даяар тархсан монголчуудын хувьд бид үүрэг өндөртэй ажилладаг гэсэн үг. 

Тиймээс аливаа тээврийн асуудал доголдсон үед санал, шүүмжлэл, бухимдал өрнөдөг. Дэлхийг хамарсан, одоо ч үргэлжилж байгаа цар тахал болон улс орнуудын геополитикийн харилцаа өөрөө ЗТХЯ, Монгол Улсаас шалтгаалахгүйгээр ачаа эргэлт, тээврийн саатлыг дагуулсан.

Үүсээд байгаа асуудалд иргэд бухимдалтай байгаа. Асуудлыг аль болохоор зөв, хөнгөн шуурхай, боломжтой бүх л арга хэлбэрээр шийдвэрлэхийн төлөө бид ажиллаж байна. Бас чиг нааштай үр дүн гарч байгааг хэлэхэд таатай байна. Үнэндээ энэ хугацаанд санаатай эсвэл гомдохдоо Л.Халтарыг гүтгэж доромжлох асуудал цөөн биш гарлаа. Л.Халтарыг сайн муу хэлэх яах вэ. Ийм асуудалд нэг их ач холбогдол өгөлгүй, асуудлыг аль болох шуурхай, зөв шийдэх ёстой гэсэн ганцхан зарчимтай л ажиллаж байна.  

-Хилийн гадна саатсан бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, нийлүүлэлт, зохион байгуулалт нэг хэсэг шуугиан тарьсан. Өнөөд­рийн байдлаар бараа бүтээг­дэхүүний тээвэрлэлт, давтамж ямар зохион байгуулалттай явж байгаа вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сарын дунд үед Тяньжин боомтоос Монгол Улсад импортоор орж ирэх 9000 чингэлэг байсан. Өнөөдөр энэ тоо 1200 болж буурлаа. Ачаа тээврийн түгжээг арилгахын тулд хоногт импортоор таван галт тэрэг буюу 250 чингэлэг татан авсан. Улаанбаатар, Замын-Үүдийн бүх чингэлгийн терминалууд 24 цагаар, амралтын өдрөөр ч ажилласан. Энэ бүх ажлыг ГЕГ-тай төмөр замчид хамтран зохион байгууллаа.

Бид Хятад руу явуулах хоосон чингэлэгтэй галт тэрэгний тоог нэмэгдүүлж, хоногт гурван галт тэрэг буюу 150 чингэлгийг өргөн царигаар, Эрээн өртөөнд хоёр хоногт нэг хоосон  галт тэрэг буюу 50 хоосон чингэлгийг нарийн царигаар хүлээлгэн өгч байна.

Энэ сард Улаанбаатар хэсэглэлийн терминалууд хоногт 2-3 галт тэрэг буюу 100-150 чингэлэг буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн энэ оны зургадугаар сарын 20-нд үйл ажиллагаа нь эхэлсэн Дорнод аймгийн Баянхошуу хилийн боомтод халдвар, хамгааллын дэглэм сахиулж, хилийн 0 цэгт экспортод гарч буй газрын тос, импортоор оруулж ирэх үйлдвэрийн зориулалттай барилгын материал, бараа, бүтээгдэхүүнийг татах, чиргүүл солих журмаар тээвэрлэн ажиллаж байна.

-Урд хөршид саатсан чингэлэг тээврийн бөөгнөрөл дундарсан уу. Татаж авах ажил хэр урагшилж байна? 

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар захи­рамжийн хүрээнд нэр бүхий гурван ААН-ийн 56 тээврийн хэрэгсэл нэгдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 15-ныг хүртэл тусгаарлалтын дэглэмд тээвэрлэлт хийлээ. Тавдугаар сарын 16-наас хойш Замын-Үүд сумын Онцгой комиссын зохион байгуулалтын дагуу иргэдийн 40, ХХЕГ-ын 30 хүртэлх тээврийн хэрэгслээр чингэлэг ачиж 0 цэгт хүргэж байгаа.

Он гарснаас хойш энэ сарын 3-ныг хүртэл улсын хилээр 13153 тээврийн хэрэгслээр 17548 чингэлэг 557,037 тонн ачаа тээвэрлэж, импортын 3976, овор ихтэй 109 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Харин бүс нутгийн логистикийн төвөөс Эрээн хотын чиглэлд 8299 чингэлэг буцсан бол Улаанбаатар хотруу 16,537, бусад аймаг орон нутагт 1759, нийт 18145 тээврийн хэрэгсэл Замын-Үүд сумаас гарах хөдөлгөөнд оролцоод байна. 

Экспортын тухайд долдугаар сарын 23-наас өдөрт 10 тээврийн хэрэгслээр Замын-Үүд боомтоор нүүрс экспортолж эхэлсэн. Наймдугаар сарын 2-ны дүн мэдээгээр 100 тээврийн хэрэгслээр 180 чингэлэг, 7045 тонн нүүрс тээвэрлээд байгаа. Хятадын тал мөн өдрөөс эхлэн өдөрт 30 тээврийн хэрэгслээр 60 чингэлэг нүүрс тээвэрлэнэ гэсэн боловч бэлтгэл бүрэн хангагдаагүй, тээврийн хэрэгслийн тоо дутмаг байгаа учраас татан авалтыг 10 тээврийн хэрэгсэл болгон бууруулсан.

Мөн тус боомтоор долдугаар сарын 30-нд 328 тн угаасан ноос, ноолуур экспортолсон. Цаашид авто замаар хивэг, хүйтэн хэлхээний бус (ноос, ноолуур, арьс, шир зэрэг) бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдсэн.

-Цар тахлын нөлөөнөөс болоод бүх салбар алдагдалд орсон. Гэхдээ хатуу дэглэмүүд бага зэрэг зөөлөрсөн. Төмөр зам, агаарын тээвэрт сэргэлт бий болж, эерэг үр дүн ажиглагдаж байна уу? 

-Цар тахал бүх салбарт хүчтэй нөлөөллөө. Хямралыг даван туулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүйн тулд бид улс хооронд тээвэрлэх ачааг найдвартай, хурдан, шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулж ирлээ. Цар тахлын өмнө ачаа барааг монгол тээвэрчид эхлэх цэгээс төгсгөлийн цэг хүртэл тээвэрлэж байсан бол цар тахлаас хойш тээвэр зохион байгуулалтыг Хилийн боомтын зөвлөл, шуурхай штаб удирдаж байна.

Тээвэрлэлт хэвийн нөхцөлд шилжих тохиолдолд ачаа, барааны эргэлтийг сайжруулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна. 

Одоогийн байдлаар импортын ачаа бага зэрэг өссөн. 2021 оны эхний хагас жилтэй харьцуулахад 14.9 хувийн өсөлттэй явж байна. Гэхдээ Орос-Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-аас хүлээн авсан импорт 10.6 хувиар буурсан. Харин БНХАУ-аас хүлээн авсан импорт 82.7 хувь өссөн. Харин экспортын тухайд, 2020, 2021 оны мөн үетэй харьцуулахад 42.2 хувийн буурсан. Бид Хятадын талтай Замын-Үүд боомтоор хоногт ачаатай 14 галт тэрэг хүлээлгэн өгөхөөр тохирсон ч, Хятадын тал хоногт 9.9 галт тэрэг хүлээн авч байна.

Хэдийгээр “Ковид-19” цар тахлын хязгаарлалтын дэглэм буурсан ч ОХУ болон Украины хооронд үүссэн асуудал агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Дотоодын агаарын тээвэрлэгчдийн орлого буурч, алдагдал хүлээсэн.

Нөгөө талаар агаарын хөлгийн шатахууны үнэ 50 гаруй хувиар нэмэгдсэн нь агаарын тээвэрлэгчдэд маань санхүүгийн нэмэлт дарамт үүсгээд эхэлсэн. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлын нөлөө харьцангуй дээрдсэн учраас олон улсын нислэгүүдээ аажмаар сэргээж, энэ онд Истанбул, Ханойн чиглэлд шинээр нислэг нээж амжлаа. Хүнд байдалд орсон агаарын тээвэрлэгчдээ Засгийн газар дэмжиж байна. Тухайлбал, МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгт 4.78 тэрбум төгрөгийн татаас олгож, хуваарьт нислэг үйлдэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдээ 2022 оны агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас бүрэн чөлөөлсөн. 

-Дарханы замын бүтээн байгуулалт удааширч байгаа нь нийтийг хамарсан шүүмжлэл тасралтгүй өрнөхөд хүргэж байна. 2019 онд анх тендер зарлахдаа хоёр багцыг нь Хятадын хөрөнгө оруулалттай компанид өгснөөс болж асуудал ундарсан гэж үнэн үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний нэг хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан.

Уг нь 2017 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд их засвар хийхээр төлөвлөж байсан боловч 2018 оны зун буусан их үерийн усанд авто зам маш их эвдэрсэн. Тиймээс Засгийн газар хөдөлгөөний эрчмийн өсөлтийг тооцон дөрвөн эгнээ болгохоор шийдээд хуучин хоёр урсгалтай авто замыг АХБ-ны хөрөнгө оруулалтаар, шинээр барих хоёр эгнээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. 

Замын бүтээн байгуулалтыг аль болох богино хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд таван багц болгон хуваагаад олон улсын өрсөлдөөнт тендер зарласан юм.

АХБ-ны төслийн хувьд олон улсын өрсөлдөөнт тендер гэдэг бол тус банкны гишүүн аль ч улс орны гүйцэтгэгч тендерт оролцох эрхтэй гэсэн үг. Манай улсын хувьд газар нутгийн хол ойр, байршил зэргээс хамаарч Хятад, Солонгосын гүйцэтгэгч компаниуд ихэвчлэн тендерт оролцох хүсэлт ирүүлдэг. 

АХБ-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй таван багц тендерийн “Багц 2” болон “Багц 4” хэсгийн гүйцэтгэгчээр Хятадын “Чайна стэйт констракшн, “Шинжиан констракшн инженеринг” гэж компани шалгараад, нэг жилийн дотор замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу ажил 2019 оны зургадугаар сард эхлээд 2020 оны зургадугаар сард дуусах ёстой байсан ч тус компани 2019 онд төлөвлөгөөний дагуу ажлаа хэрэгжүүлж чадаагүй. Хоцрогдлоо 2020 онд нөхөх гээд гадаадаас 1200 ажиллах хүч оруулна, техник тоног төхөөрөмжөө нэмэгдүүлнэ гэсэн ч “Ковид-19” цар тахлын хөл хорионоос шалтгаалаад ажилчдаа оруулж ирж чадаагүй.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тухайд ганц энэ гүйцэтгэгч ч биш бусад гурван багцын тендерийг авсан компаниудад гадаадаас ажиллах хүчээ татахад хүндрэл үүсээд байсан.

Ингээд Хятад улсад мөрдөгдөж байсан хатуу хорио цээрийн дэглэм зэргээс шалтгаалаад хоёр багцын тендер авсан компани 2020 оны наймдугаар сард гэрээ цуцлах хүсэлтээ өгсөн байгаа.

Ингээд гэрээг цуцлах, дахин тендер зарлах гэх мэт ажил өрнөж, хугацаа авч явсаар 2021 оны есдүгээр сард шинэ гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан байгаа.   

-Дарханы замын бүтээн байгуу­лалт хэзээ дуусах бол. Энэ дээр тоймтой хариулт өгч болох уу?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын АХБ болон ЕСБХБ-ны төслийн үндсэн ажил болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, суурь хучилтын ажлыг ирэх аравдугаар сарын сүүлээр дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Гүйцэтгэгч компаниудтай авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулах гэрээ байгуулсан.

Зам барилгын үндсэн үе шатны ажлыг дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ онд багтаан нээхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, бусад холбогдох төрийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгаа.

Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1, 2, 3, 5 дугаар хэсгийн шинээр асфальт­бетон хучилт хийгдсэн 130 км авто зам, багц 2 болон 4 хэсгийн нийт 74 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байна. 

-Монгол Улс мэдээж хэрэг замын стандарт мөрддөг. Гэхдээ шинээр барьсан авто замын зарим нь хэтэрхий хурдан эвдэрдэг. Ийм эвдрэл замын стандарт зөрчигдсөнтэй холбоотой юу, төсвийг нь хаа нэг газар танаж авсантай холбоотой юу?

-Монгол Улсын авто замын салбарт 280 гаруй стандарт, 80 гаруй норм норматив, техникийн баримтыг мөрддөг. Авто зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтэлд олон хүчин зүйл нөлөөлж байна. Байгаль цаг уурын хувьсал, хаврын шар усны болон зун буудаг аадар борооны үер хамгийн том нөлөө үзүүлж, эвдрэлүүдийг бий болгож байдаг.

Дэлхийн улс орнууд байгаль цаг уурын хувьсал өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, шинэлэг хийцтэй технологи нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид ч бас энэ жишгээр ажиллах шаардлагатай. Зам барилгын ажилд чанар, стандартыг мөрдүүлэхийн тулд өдөр тутамд хөндлөнгийн хяналт тавих тогтолцоо авто замын салбарт нэвтэрсэн.

Мэдээж үйл ажиллагааг боловсронгуй болгох, чанаржуулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудлууд бол байгаа. 

-Өндөр хөгжилтэй орнууд авто замаа 30 см зузаантай тавьдаг, манайх харин 10 см зузаантай тавьдаг гэсэн олны хардлага, харьцуулалтад хариу авах гэсэн юм? 

-Авто замын суурь болон хучилтын хийцийг нэгдүгээрт, норм, стандарт, инженерийн тооцоолол, хоёрдугаарт эдийн засгийн үр ашигтай, хүртээмжтэй байх зарчимд үндэслэн төлөвлөх ёстой. Гаднынхан 30 см хучилт хийдэг гээд энэ дайны хучилт хийх эдийн засгийн нөөц, чадамж бидэнд дутуу байна. Ер нь авто замын өртөг зардлын нэлээд хувийг хучилтын ажил эзэлдэг.

Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал сайжрах үед авто замын хучилтыг үе шаттайгаар сайжруулж, нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ арван см болон түүнээс бага зузаантай хучилттай байлаа гээд бүгд л инженерийн тооцоолол, норм норматив, магадлалын дагуу тооцогдоод явдаг. 

-Улаанбаатар руу тээвэрлэдэг шахмал түлшний түүхий эдийн зам, Өмнөговь-Дундговийн чиглэлийн авто замыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?  

-Сүүлийн жилүүдэд агаарын бохирд­лыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийж буй мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлт эрс нэмэгдэж, тэдгээр нь даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан Өмнөговь-Дундговь чиглэлийн авто замд ихээхэн эвдрэл гарсан.

Авто замын эвдрэлийг засварлах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэж, засварын ажлыг гүйцэтгэж байна. Цаашид мидлингийн тээврийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар гүйцэтгэж, авто замын ачааллыг бууруулна гэж төлөвлөж байгаа. 

-Монгол Улс Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болно гэсэн зорилго тавьсан. Энэ зорилго, зорилт руу бид хэзээ ойртож очих бол?

-“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт “Тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцад нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн. Ази болон Европын хооронд, тэр дундаа БНХАУ-ын ОХУ-тай хийх худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ “Бүс ба Зам” санаачилгадаа худалдааг хөнгөвчлөх, тээврийн зардлыг бууруулах зорилготой ухаалаг систем ашиглан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг тусган хэрэгжүүлж байна.

Харин ОХУ төмөр замын сүлжээгээ Алс дорнодын бүс нутагт өргөтгөх бодлого баримталж байна. Монгол Улсын Засгийн газар хөрш орнуудынхаа бодлого, хэтийн төлөвтэй уялдуулан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөрөөг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийн суурийг тэлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү бодлогын баримт бичигт Ази, Европыг холбосон төмөр зам болон авто замын томоохон төсөл хөтөлбөрүүд багтсан. 

Мөн “Тээврийн бодлого, төлөв­лөлтийн математик загварчлал” болон “Үндэсний тээвэр логис­тикийн сүлжээ байгуулах” бод­логын судалгаанд үндэслэн Эдийн засгийн коридор, чөлөөт бүсийн төлөвлөлт болон хөдөө аж ахуй, уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын салбарын хөгжлийн хэтийн чиг хандлага, зорилт, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан логистикийн төвүүдийн байршлыг тодорхойлж тэдгээрийг дэд бүтцээр холбох, үндэсний логистикийн платфорумыг орчин үеийн дэвшилтэт технологи болох Блокчэйн технологид суурилан хөгжүүлэхээр төлөвлөж байна. 

-Шинэ сэргэлтийн бодлогод экс­портыг нэмэгдүүлэхийн тулд боомтын хөгжлийг дэмжих асуу­дал багтсан байдаг. Салбарын яам яг энэ чиглэл дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогод ирэх 10 жилд хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн томоохон зорилт туссан. Бодлогын баримт бичгийн дагуу Зам, тээврийн салбар 40 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний арав нь төмөр зам, 16 нь авто зам, долоо нь агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, долоо нь ачиж буулгах авто тээврийн терминал байгуулах төсөл байгаа юм. Мөн хилийн боомтуудад жолоочгүй, автомат удирдлагатай ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх төслүүд бий. 

Д.ОТГОНЖАРГАЛ Монголын Үнэн сонин 2022.08.12 Баасан гараг

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
38.114.114.106

Та нарын улс төрийн оноо хэнд ч хэрэггүй ард түмэнд чанартай аюулгүй зам хэрэгтэй битгий ингэж попорч бай зам ашиглалтад орох чиний амаар шийддэг асуудал биш зөв гүйцэтгэгчээ шалгаруулж чадаагүй байж одоо олон долоо юм хуцаад хэрэггүй тендер шалгаруулж байхад чи дэд сайд байсан биз дээ. Чи бол хамсаатан нүд чинь сохор чих чинь дүлий байгаагүй байх шүү Доржханд гээд нэг шуналтай авгай та нарын хийсэн ажил энэнээс чинь болж эрдэнэ хүний амь эд хөрөнгөөрөө өчнөөн хүмүүс хохирсон нүгэл чинь нүдээр чинь гарч олон хүний хараал хүрдэн дээ та нар болгоомжтой л байгаарай

Зочин
1 жилийн өмнө
192.82.74.106

Дарханы зам нимгэн хийгдэж бга болохоороо бороо орохоор хуурч эвдрээд байдаг юм болов уу за тэгээд яаж ийгээд сонгуулийн өмнө дуусгаж тууз хайчлах зорилготой юм уу даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.