СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-12

TIME: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орос, Хятадаас цааш харж улсаа өөрчлөхийг хүсэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ TIME сэтгүүлийн Зүүн Ази бүс хариуцсан сурвалжлагч Чарли Кампбеллтэй өнгөрсөн долдугаар сарын 22-нд ярилцсаныг энэ сарын 9-нд TIME сайт нийтэлжээ. Нийтлэлийг орчуулан бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ модон хавтантай ажлын өрөөндөө дайчин, бор шувууг дүрсэлсэн алтадмал хүрээтэй зургийн өмнө суух аж. Түүний ахлах зөвлөх уг зургийг Монголын алдарт зураач Бадамын Отгонтүвдэнгийн “Дайнд явж буй баатар“ гэдэг зураг хэмээн тайлбарлалаа. Гэвч Орос, Хятадын дунд хавчуулагдсан Монгол Улсын хувьд ямар ч төрлийн дайн, амь дүйсэн үйлдэл хэрэггүй юм.

Өнгөрөгч долдугаар сард өгсөн видео ярилцлагын үеэр арьсан сандал дээр тухлан суусан Л.Оюун-Эрдэнэ үүнийг маш сайн мэдэж байсан юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласны эцэст өнгөрсөн оны нэгдүгээр сард Ерөнхий сайд болсон Харвардын Кеннедигийн сургуулийн төгсөгч тэрбээр “Бид геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог” гэж хэлжээ. Монгол газар нутгийн хувьд Турк улсаас хоёр дахин том боловч ердөө 3.3 сая хүн амтай улс юм. Л.Оюун-Эрдэнэ “Манай улс дэлхийн эдийн засгийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий байдаг нь бидний хувьд сайн, муу хоёр талтай юм“ хэмээв.

Сайн тал нь бол ойлгомжтой. Монгол Улс дэлхийд мэдэгдэж буй нүүрсний хамгийн том нөөцтэй, ураны хувьд хоёрт орох том нөөцтэй, мөнгөний хамгийн том нөөцтэй улсуудын нэг юм. Алт, зэс, төмрийн хүдэр, фосфор, цайрын томоохон ордуудыг оруулбал өсөлттэй байгаа түүхий эдийн үнэ шууд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. 

Муу тал гэвэл инфляци юм. Монгол Улсын хамгийн том нийлүүлэгч орны нэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлж, улмаар баруунд хориг арга хэмжээ авснаар Оросын химийн бодис (уул уурхайн тэсэрч дэлбэрэх бодис, бордоо, хөдөө аж ахуйн тэжээлд ашигладаг) болон хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүргэсэн.

2019 онд ДНБ-ий 7.2 хувийг бүрдүүлж, ажил эрхлэлтийн 7.6 хувийг бүрдүүлдэг байсан аялал жуулчлал одоо уналтад ороод байгаа нь тахлын эхэн үеэс гуравдугаар сар хүртэл эдийн засагт 470 сая ам.долларын хохирол учруулжээ. Энэ нь зөвхөн цар тахлаас шалтгаалаагүй байна. Украины дайнаас үүдэн Оросын агаарын нислэгт Европ хориг тавьсан нь Монголын нийслэл Улаанбаатар руу нислэг үйлдэхийг зогсооход хүргэсэн. Л.Оюун-Эрдэнэ “Олон улсын хамтын нийгэмлэгийн тогтворгүй байдал” болон түүний улс оронд үзүүлж буй үр дагаварт харамсаж буйгаа илэрхийллээ.

Уг нөхцөл байдал түүний Монгол Улсыг ядуурсан хөдөө аж ахуйн эдийн засгаас (хүн амын гуравны нэг орчим нь ямар нэгэн хэлбэрээр ядуу амьдарч байгаа) гарааны бизнест ээлтэй орчинтой, олон улсын хөрөнгө оруулалт ихтэй, санхүүгийн салбар цэцэглэн хөгжиж буй орчин үеийн ашигт малтмалын экспортлогч орон болгон өөрчлөх оролдлогод сөрөг нөлөө үзүүлж байна. Л.Оюун-Эрдэнэ “Бид бэлтгэл ажлаа хийсэн, одоо эдгээр бүтээн байгуулалтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой“ хэмээв.

Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн ч Дорнод Монголын тал нутгийн Бэрх тосгонд өссөн. Тус тосгон нь кальци, фторын холимог эрдэс хүдрийн хайлуур жоншны уурхайгаараа алдартай бөгөөд амьдран суудаг хүн амаасаа 10 дахин их толгой малтай. Тэрбээр таван нас хүртлээ хэл ярианы бэрхшээлтэй байсан ч Буддын шашны нэрт хамба лам, шатрын спортын мастер, математик, монгол хэлний багш, өвөө Лувсаннамсрай нь түүнд удаанаар зааж сургасны эцэст даван туулж чаджээ. Л.Оюун-Эрдэнэ өвөөгөөрөө овоглодог юм.   

Л.Оюун-Эрдэнэ сурлагадаа сайн байж, сэтгүүл зүй, хууль зүй, дараа нь Харвардад төрийн бодлогын зэрэг хамгаалсан. (Ivy League сургуульд суралцсан нь түүнийг хуучин ЗХУ-ын орнуудад боловсрол эзэмшсэн өмнөх үеийн удирдагчдаас ялгаруулдаг.) ​​Л.Оюун-Эрдэнэ 21 насандаа Бэрхийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байв. Дараа нь "Дэлхийн зөн" төрийн бус байгууллагад ажиллажээ. Олон улсын хөгжилд хөл тавьсан нь түүнийг өөрийн улс орны өмнө тулгараад байсан асуудлуудыг санахад хүргэв. Тэрбээр хожим нь Монгол Улс дэлхийн ихэнх улстай харьцуулахад хүнд сурталтай, авлигад идэгдсэн, улс төрийн хувьд хуваагдсаныг хараад харамсаж байснаа дурсжээ.

Түүхий эдээс хэт хамааралтай байх нь Монгол Улсад асуудал дагуулав. 2000-аад оны эхээр түүхий эдийн үнэ өсөхөд Монгол Улс “Minegolia” хэмээн олон улсад алдаршиж, богино хугацаанд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болж байв. Хойд Америк, Европоос ирсэн хайгуулчид Улаанбаатарын шөнийн цэнгээний газруудад үнэтэй виски хүртдэг байлаа. Гэвч ашигт малтмалын өсөлт богино хугацаанд үргэлжилсэн тул Монгол Улс 2017 он гэхэд 5.5 тэрбум ам.долларын тусламж авахаар Олон улсын валютын санд хандаж байв.

Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, авлигын эсрэг олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахад гар бие оролцсоноор нэр хүнд нь өссөн. Өнөөдөр түүхий эдийн үнэ дахин өндөр байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан Монгол Улсын эдийн засгийг шинэчилж, усан цахилгаан станцаас эхлээд төмөр зам, цахилгаан станц хүртэл олон арван төсөл хэрэгжүүлж эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөгөөс зайлсхийх болно гэж найдаж байна.

Мөн тэрбээр уул уурхайн аварга том компани болох “Рио Тинто”-той говь цөл дэх Оюутолгойн асар том зэс, алтны уурхайн өргөтгөлийн 6.75 тэрбум ам.долларын гэрээг дахин хэлэлцсэнээр улс төрийн салбарт өөрийн байр суурийг тогтоож чадсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сард “Рио Тинто” Монголын Засгийн газрын өөрсдийн бүтээн байгуулалтад ногдох хэсгийг санхүүжүүлэхэд ашиглаж байсан хоёр тэрбум гаруй ам.долларын зээлийг тэглэхээр тохиролцсон. Дахин хэлэлцээнд ойр орчмын малчдад нэн шаардлагатай ховор усны нөөцийг хамгаалах, уурхайд ажиллаж буй ажилчдыг зохих дэд бүтцээр хангах баталгаа багтсан. “Рио Тинто” уг алхам нь “Монгол Улсад илүү их эдийн засгийн ач холбогдол өгнө” хэмээн найдаж буй юм. Л.Оюун-Эрдэнэ “бусад уурхайн байршилд” ч мөн иймэрхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. 

Орчин үеийн шинэчлэл маш их хэрэгтэй байна. Жолооч нар хил давахын тулд долоо хоног хүртэл хүлээх нь энүүхэнд. Дэд бүтцийн ийм энгийн хязгаарлалтаас болж Монгол Улс экспортын хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна.

Асуудлыг улам хүндрүүлж байгаа Бээжингийн 0-COVID-н эсрэг хатуу бодлого нь хилийг үе үе хааснаар худалдааг хааж байна гэсэн үг юм. Өнгөрсөн зургадугаар сард Хятадын албаны хүн тахлын эсрэг авах арга хэмжээ нь таван жил үргэлжилж магадгүй хэмээн мэдэгдсэн юм. Л.Оюун-Эрдэнэ  өөрийн улсад үзүүлж буй “сөрөг үр дагаварт” санаа зовниж буйгаа илэрхийлээд “Хятадын COVID-ийг тэглэх бодлого нь мэдээж зөвхөн Монголын биш, дэлхийн эдийн засгийн асуудал“ хэмээв.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд бусад орон руу ч экспорт хийхдээ Хятадын боомтуудыг ашигладаг. “Төмөр замын экспорт COVID-19-ийн нөхцөл байдлаас хамаарахгүй” гэсний дагуу 2022 оны эцэс гэхэд БНХАУ-тай төмөр замын таван боомт шинээр ашиглалтад оруулна гэж Л.Оюун-Эрдэнэ найдаж байна.

Монгол Улсын гадаад бодлого ч иймэрхүү олон төрлийн сорилттой байдаг. Монголын гадаад харилцааны шинжээч Болор Лхаажав “Хэрвээ Монгол Улс оролцохгүй бол бид үнэхээр далайд гарцгүйн дээр геополитикийн хувьд үнэхээр сорилттой хэвээр үлдэнэ“ хэмээв. Тус улсын “гуравдагч хөршийн бодлого” буюу Хятад, Оросоос гадуур харилцааг хөгжүүлэх урт хугацааны стратеги нь иймэрхүү санаа зовоосон байдлаас үүдэлтэй юм. Барууны орнууд сүүлийн саруудад сөргөлдөөнтэй бүс нутгийн ардчилсан улстай ойр харьцаатай байхад нааштай хариу үзүүлж эхэлжээ. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Герман улс хоёр жил завсардаад байсан хоёр талын тусламжаа Монгол Улсад  дахин эхлүүлж байгаагаа зарласан. Долдугаар сарын 1-нээс монголчууд удаан хүлээсэн Австралийн амралтын визний хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон.

Бритиш Колумбын Их Сургуулийн Монголыг хариуцсан мэргэжилтэн, профессор Жулиан Диеркес “Ерөнхийд нь ярихад баруун нь дипломат ёсыг эрхэмлэж, ардчиллыг дэмжин сэргээж байна. "Мэдээж энэ бол Монголд ашигтай" хэмээв.

Л.Оюун-Эрдэнэ улсаа дэлхийд нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр саяхан Монголын уул уурхайн компаниудыг Сингапурын хөрөнгийн бирж дээр гаргах талаар ярилцан Сингапураас буцаж ирээд байна. Үүнээс өмнө тэрбээр Эстони улсад дижитал өөрчлөлтийн талаар, Өмнөд Солонгос улсад хүний ​​нөөцийн талаар санал бодлоо солилцсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ сарын 8-нд Монгол Улсад айлчилсан. Ерөнхий сайд “Бид гуравдагч хөршүүдтэйгээ хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм. 

Гэсэн хэдий ч өнөөгийн геополитикийн хувьд уг арга барил нь төвөгтэй нөхцөл үүсгэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ОХУ-ын Украйн руу түрэмгийлснийг буруутгах саналд Монгол Улс түдгэлзэж, мөн Москваг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргахын эсрэг санал өгсөн.

Л.Оюун-Эрдэнэ “Украйн, Оросын дайнд бид үнэхээр харамсаж байна, Украйн улс руу бид хүмүүнлэгийн тусламж илгээсэн. Гэхдээ Монгол Улсын гадаад бодлого бие даасан байх ёстой. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд болох эдийн засгийн томоохон хүчирхэг гүрнүүдийн  аливаа шийдвэр дэлхийн эдийн засаг, сая сая хүмүүсийн амьдралд асар их нөлөө үзүүлдэг учраас сэтгэл санааны сатааралгүй шийдвэр гаргаж, прагматик байх ёстой гэж бид үзэж байна. Хамгийн гол нь хоёр хөрштэй харилцах нь нэн тэргүүний зорилт юм” гэлээ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
192.82.90.153

Ер зөвхөн 2улсын дунд байгаа нь гол биш алсын бодлогоо хэрэгжүүлж бусад орон улстай холбоо тогтох нь зөв байх сүүлийн жилүүдэд хэт ойрхоноос хөгжил хайгаад удааширалтай санагддаг 30 жилиын хөгжил нэг л цэгт удаан хөгжил саарч уул уурхайн баялагаа зөв хэрэгжүүлж чадахгүй бөялагаа ухаад улаан шороо ус ургамал билчээргүйд хүрэх замд ойртож баыгааг л цаашид маш нухацтай хандаасай таны ирээдүй нь монгол улсаа зөв замын амжилт.бүтээлээр дүүрэн байлган гэж итгэдэг Ард иргэд шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.