6 настай Галаа хүү унадаг дугуй унаж явахдаа гудамжинд явган явсан иргэн Оюунцэцэгийг мөргөж унагасны улмаас Оюунцэцэгийн баруун гарын шууны яс далд хугарч гэмтжээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад Галаа хүүг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй учраас хэргийг хаасан байна.
Иргэн Оюунцэцэг шүүхэд хандаж хүүгийн аав Ганбаатараас эмчилгээний зардал, ажлаа хийж чадаагүйн улмаас дутуу авсан цалин хөлс 1,444,100 төгрөгийг нэхэмжилжээ.
Хүүгийн аав шүүхэд мэдүүлэхдээ “...6 настай дугуйтай хүүхэд энэ хэмжээний гэмтэл учруулсан гэдэгт итгэхгүй байна. Мөн зардлын баримтууд нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргав.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Оюунцэцэгт гарын шуу ясны доод үзүүрийн хугарал оношоор эмнэлгийн тусламж үзүүлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Оюунцэцэгийн биед баруун гарын шуу ясны далд хугарал хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хүүгийн эцэг хохирлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн, шүүх 6 настай Галаа хүү иргэний эрх зүйн чадамжгүй ч, түүний эцэг эх хүүхэддээ хараа хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэж, эцэг Ганбаатараас нь Оюунцэцэгийн эмчилгээ, оношлогоо, эмийн бүтээгдэхүүний зардал болох 264,100 төгрөгийг гаргуулж, харин бусад хохирол гэж нэхэмжилсэн ор хоногийн мөнгө, дутуу авсан цалин 1,180,000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Боловсруулсан: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.