Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзаж Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Энэ үеэр “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Монгол Улс болон Австрали улсын Засгийн газар хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.
Мөн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй Монгол залууст Австралид суралцах боломж олгосныг Элчин сайд уулзалтын үеэр онцлов.
Тодруулбал, манай улсын 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон юм.
Тус хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтойг дурдсан бөгөөд одоогийн байдлаар 80 залуу сонгон шалгаруулалтад орж 25 хүний виза нь гарсан, 55 хүний хариу удахгүй гарах талаар Австралийн элчин сайд Кэйти Смит мэдээлжээ.
Түүнчлэн Австралийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж “Гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр нь эмэгтэй албан хаагчдыг дэмжиж чадавхжуулахад багагүй хувь нэмэр болж байгаад А.Ариунзаяа сайд талархал илэрхийлэв.
Монгол Австрали хоёр улс 50 жилийн өмнө буюу 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.