СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-04

Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ-ын төлөөлөл ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Авлигатай тэмцэх газар боловсролын салбар дахь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр 2019 оноос иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг журамлах тухай Зөвлөмж хүргүүлэх зэргээр нөлөөллийн арга хэмжээ авсаар ирсэн.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд аливаа дарамт шахалт, зохимжгүй нөлөөллөөс сэргийлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг мөрдөж ажиллах, нөгөө талаас албан тушаалтны дээр дурдсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.6-д заасны дагуу шууд хориглох зөрчилд тооцогдон хариуцлага хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйн нөхцөл шинжийг хангаж болзошгүй байгааг уг Зөвлөмжөөр анхааруулж байсан билээ.

Засгийн газраас боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, үүнтэй холбоотой гомдол, мэдээллийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл орж ажиллах юм.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд. Доод, дунд шатанд байгаа авлигыг таслан зогсоох цаг тулж ирсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлаар гомдол, мэдээллээ ирүүлэхийг иргэдэд уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.