Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуу гэр бүлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор 19 дүгээр хороонд байрлах 283 дугаар цэцэрлэгт 24 цагийн үйл ажиллагаатай 2 бүлгийг нээн ажиллуулахад шаардагдах 41,4 сая төгрөгийн санхүүжилтийг Засаг даргын нөөцөөс шийдвэрлэжээ.
Энэ ажлын хүрээнд тус цэцэрлэгийг хатуу, зөөлөн эдлэл, 24 цагийн цэцэрлэгийн стандарт шаардлагад тохирсон тоног төхөөрөмжөөр хангаж, материаллаг баазыг бэхжүүлсэн байна.
283 дугаар цэцэрлэг нь дүүргийн зуслангийн бүс буюу 19 дүгээр хороонд байрладаг, 280 хүүхдийн хүчин чадалтай 2020 онд ашиглалтад оржээ.
Цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Мөнхжаргал багш ажилладаг бөгөөд анги танхимаа хүүхэд, багачууддаа зориулан өөрсдийн нөөц бололцоо, хүч хөдөлмөрөөр нэмж тохижуулсан байна. Тухайлбал, урлаг танхимынхаа тайзыг хуучин сиди ашиглан гоёж, хүнсний майонезны сав ашиглан бөмбөр хийсэн бол биеийн тамирын танхимдаа дасгал хөдөлгөөн хийхэд зориулан усны сав ашиглан гантели хийжээ. Уламжлалт монгол ахуй зан заншлаа таниулах өргөөгөө мөн л танин мэдэхүйн чиглэлээр иж бүрэн тохижуулсан байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сургууль, цэцэрлэгүүдэд ажиллах үеэрээ тус цэцэрлэгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтаар хийгдсэн анги танхимын тохижилт, шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгаатай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.
Ийнхүү цэцэрлэгийн хамт олны хүсэлтийн дагуу ирэх оны төсөвт гадна орчны хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг суулгах, хаягжуулалт, гал тогооны хүнсний бүтээгдэхүүн хадгалахад зориулан хөргөгч, хөлдөөгчний санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.