СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-07-29

М.Отгон: Эрдэнэт үйлдвэр 2022 онд төлөвлөсөн их бүтээн байгуулалтаа наймдугаар сард багтааж дуусгана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэр 2022 онд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн. Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй бүтээн байгуулалт, тэдгээрийн явцын талаар тус цехийн дарга М.Отгон мэдээлэл өглөө.

-Юуны өмнө, сая хийгдсэн “Их зогсолт”-ын ажил танай цехийн хувьд ямар үр дүнтэй болсныг тодруулна уу?

-2022 оны “Их зогсолт” буюу цехийн хэмжээнд нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүддээ их засвар үйлчилгээ хийж, амжилттай дуусгалаа. Энэ удаа механикийн чиглэлээр 113, цахилгааны чиглэлээр 103 нийт 216 багц засвар үйлчилгээний ажлыг 48 цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Их зогсолтын үеэр цехийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн бүх засварын ажил бүрэн, чанартай хийгдсэн. Энэ нь бэлтгэл сайн хангагдсантай холбоотой.

Ер нь бид бэлтгэл ажлаа тухайн жилийн “Их зогсолт” дуусангуут шууд эхэлдэг. Ирэх жил бид юу хийх ёстой, юунд анхаарах ёстой вэ гэдгээ эртнээс нарийвчлан гаргадаг. Ингэж бэлтгэл ажлаа сайн хангасны үр дүнд энэ жилийн “Их зогсолт” амжилттай боллоо. Бараа материалын хангамж, нийлүүлэлт 100 хувь төлөвлөгөөний дагуу биелсэн. Залгалт хугацаандаа хийгдэж, төлөвлөсөн ажлууд бүрэн дууссан.

Манай ажилтнууд бүгд хоёр ээлжийн горимоор ажиллалаа. Ээлжийн ажилчдаас гадна өдрийн ажилчид ч 12 цагийн ээлжинд гарсан. Техникийн хувьд, Авто тээврийн цехийн хүнд даацын техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглалаа. Ямар нэг хүндрэл саатал, төлөвлөгдөөгүй гэнэтийн ажил гараагүй. Цехийн нөөцгүй ажилладаг техник тоног төхөөрөмжүүдээ дараа жилийн “Их зогсолт” хүртэл найдвартай, чанартай, хэвийн ажиллуулах том ажлаа бид хийж авлаа.

-Танай цехэд хийгдэж буй их бүтээн байгуулалтын ажлууд ямар явцтай байна вэ? Төлөвлөсөн хугацаанд дуусах уу?

-Баяжуулах үйлдвэрт хоёр том бүтээн байгуулалт өрнөж байна. Эхнийх нь, өөрөө нунтаглах хэсгийн, нэг жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай 4-р шугамын өргөтгөл, нөгөө нь Хам баяжуулалтын 12 сая тонны хүчин чадал бүхий секцийн бүтээн байгуулалтын ажил.

Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамын өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийн угсралт бүрэн дууссан. Одоо цахилгааны тохируулга, залгалтын ажил хийгдэж байна. Бид “Их зогсолт”-ын дараа шинээр суурилуулсан усны хоёр насосын станцыг залгаж, ажилд орууллаа. Энэ насос нь цагт 5500 метр куб ус шахах хүчин чадалтай, цахилгаан эрчим хүчний хувьд зарцуулалт багатай. Өөрөөр хэлбэл, бага зардлаар их бүтээмжтэй ажиллана  гэсэн үг.  Залгаснаас хойш өнөөг хүртэл ямар нэг сааталгүйгээр хэвийн, тогтмол ажиллаж байна.

Одоо хүдэр хүлээн авах хэсгийн барилгын ажил ид үргэлжилж байна. Бид наймдугаар сарын эхний 10 хоногт энэ ажлыг дуусгаж, технологийн туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Ингэснээр найман сардаа багтааж, бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа. Хам баяжуулалтын 5-р секцийн хувьд, үндсэн тоног төхөөрөмж угсрагдаад, тохируулгын ажил эхэлсэн.

Энэ долоо хоногт АНУ-ын механикийн тохируулга, хяналтын инженер ирж ажиллана. Мөн ирэх сарын эхээр автоматикийн инженер, мэргэжилтнүүд ирнэ. Тэдэнтэй хамтран туршилт тохируулгын ажлаа бүрэн хийж, материал хүлээн авахад бэлэн болгоно. Төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байгаа учраас бүтээн байгуулалтын ажлуудаа ирэх наймдугаар сард багтааж, дуусгахаар хичээж ажиллаж байна.

-Цаг үеийн хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Хил гаальтай холбоотой, бараа материал, тоног төхөөрөмж татаж авах ажлууд тодорхой хэмжээнд хүндрэл дагуулж байгаа. Гэвч бид урьдчилан төлөвлөж, холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа учраас шийдээд явж байгаа.

-Хил гааль гэснээс оны эхэнд зэсийн баяжмалын ачилт саатаж, хуримтлагдсан бүтээгдэхүүнүүд гадаа хадгалахад хүрсэн. Тэдгээрээс одоо үлдсэн үү, ачиж дуусгасан уу?

-Одоо 20-иод мянган тонн зэсийн баяжмал үлдсэн. Гэхдээ гадаа биш дотор хадгалалтын зөв горимд байгаа учраас эрсдэлгүй. Ачилт хэвийн хийгдэж байгаа.

-Баяжуулах үйлдвэрийн оны эхний 7 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө ямар үзүүлэлттэй байна вэ?

-Өнгөрсөн 7 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө  хүлээгдэж буй үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелэхээр харагдаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжилж байна.

Эх сурвалж: Эрдэнэт ТӨҮГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.