СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож байсан хүмүүсийг шалгаж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

-Хуурамч бичиг баримт ашиглан ашигт малтмал олборлож байв-

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан орон нутагт ажиллаж, хууль зөрчин байгаль орчинд хор хохирол учруулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаад иржээ. Тус албаныхан Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Зүүнхараагийн нутаг дахь Таширын нуруун дахь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр иргэд хууль бусаар алт олборлож, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн байна. Тодруулбал, “Бороо гоулд” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хонгил гарган хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг дайчлан баривчилсан гэнэ. “Нинжа” нар тус уурхайн ашиглалтын талбайд аюулгүй байдлыг хангах зорилгоор байгуулсан 250 метрийн гүн нүхнээс алтны илэрц бүхий чулууг тэргээр зөөж гаргадаг болох нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон бөгөөд нүхний гүнд нуугдан цагдаагийнхныг явахыг хүлээж байсан дөрвөн хүнийг олж гаргасан гэнэ. Шалгалтын явцад алтны илэрц бүхий 117 шуудай чулуу, хоёр цахилгаан хөрөө гэх зэрэг зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, нүхний амыг таглан битүүмжилжээ.
Мөн тус сумын Хараа багийн нутаг, Нарт гэх газарт дээрх талбайгаас авчирсан алттай чулуугаа тээрэмдүүлж буталдаг болохыг тогтоон тэндээс нь бас шуудайтай чулууг битүүмжлэн гурван ч хүнийг холбогдуулан шалгаж эхэлснээс гадна алтаа тушаадаг ченжээс нь ч мэдүүлэг тайлбар авч, хууль бусаар олборлосон ашигт малтмалыг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.
Экологийн цагдаагийн албаныхан Сэлэнгээс гадна Дундговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаад ирсэн байна. Энэ үеэрээ Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуйн нэгжийнхэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан авч, түүгээр халхавчлан хайлуур жонш олборлон эргэлтэд оруулж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж эхэллээ. Тус сумын нутаг, Уушги уул гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий компанийн захирал нь техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байсан бөгөөд түүнтэй өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс хамтарч байжэн. Ашигт малтмалын тухай хуулийн 35.6-д “Уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт” байнга байлгах ёстой хэмээн хуульчилсан ч уг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудыг уг аж ахуйн нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, хууль зөрчсөн үйл ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй үндэслэлээр тайлбар мэдүүлэг авч, холбогдох бичиг баримтуудыг нь хураажээ. Мөн ашигт малтмал олборлохдоо ашиглаж байсан техник хэрэгслийг нь битүүмжилж, компанийн холбогдох баримт бичгийг ч хураан авсан гэнэ.
Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнууд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас экологид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус аймгийн удирдлага Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нь.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.