СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-07-22

Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцох тамирчидтай Ерөнхий сайд уулзаж, амжилт хүслээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцохоор удахгүй эх орноосоо мордох гэж байгаа шатарчид болон БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нарыг өнөөдөр хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газраас шатрын спортод ихээхэн анхаарч БТСУХ-ны дэргэд Үндэсний шигшээ багийг ажиллуулж байгааг онцлоод оюуны спортын ноён оргил болсон шатарт Монгол хүн амжилт гаргах  бүрэн боломжтой. Энэ удаагийн олимпиадад шинэ залуу тамирчид оролцохоор шалгарсанд баяртай байна. Амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэхэд Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно" гэсэн юм.

Олимпиадад оролцох шатарчдыг төлөөлж Их мастер А.Энхтуул, “Шатар бол олимпын төрөлд хараахан багтаагүй учир дэлхийн улс орнуудын шилдэг шатарчдыг хоёр жилд нэг удаа олимпиад зохион байгуулж өрсөлдүүлэн тухайн жилийн хамгийн шилдгүүдийг нь шалгаруулдаг. Тиймээс энэ удаагийн олимпиад бол шатарчдын хувьд өвөл, зуны олимптой дүйхүйц болохоор ихээхэн ач холбогдол өгч бэлтгэлээ базаасан. Бэлтгэлийн орчин нөхцөл болон шаардагдах бусад санхүүжилтыг Засгийн газраас шийдвэрлэж өгсөнд Ерөнхий сайдад талархаж байна" гэв.    

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болох юм. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

ЭРЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХ-ны мастер Г.Амартүвшин

3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа

4-р ширээ: Их мастер С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан

1-р ширээ: Их мастер А.Энхтуул

2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа

3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул

4-р ширээ: ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.

Коронавирусийн цар тахлын үеэр Дэлхийн шатрын олимпиад цахим хэлбэрээр хоёр удаа болсон бөгөөд дөрвөн жилийн дараа уламжлалт буюу танхимын зохион байгуулалтаар болох гэж байгаа аж.

Монголын шатарчид 2018 оны Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан байна. Мөн 2008 онд манай эмэгтэй баг “С” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2014 онд  эмэгтэй баг “В” категорид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.