Сайхан хүлгийг харахаар
Самсаа шархирдаг л юм
Сарын газарт тамирдаагүй
Сайвар алхаат аргамаг минь...
Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худгийн барианы зурхайд ирэх эхний таван морийг уяач, сэтгүүлчид бужигнадаг цэнхэр хашаа руу хүргэж өгөх эрсийг “морь бариач” гэнэ. Хүй мандлын торгон ногоон дэнж болон бусад уралдааны тэргүүн морьдыг 18 жил барьсан Чилхаажавын Чулуунбатыг онцолж, “Амьдралын тойрог” буландаа урилаа.
Тэрбээр 1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянбулагт Чилхаажавын зургаа дахь хүү болон мэндэлжээ. Хүүхэд насаа эмээгийнхээ дэргэд өнгөрүүлсэн аж. Ингээд 1980 оны намар Өмнөдэлгэр сумынхаа 10 жилийн сургуульд элсэн орж, 1989 онд сургуулиа дүүргэж, улмаар тухайн жилдээ Хэнтий аймгийн ТМС буюу одоогийнхоор МСҮТ-д нэг жил суралцсан байна. Ингээд 1992 онд цэргийн албаа Хужир буланд байрлах Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хаажээ. Цэргээс халагдсаныхаа дараа нутагтаа очиж, XIV цэцэрлэгт харуулын албанд 2002 он хүртэл ажилласан байдаг. Улмаар энэ ондоо Улаанбаатар хотын Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн Морин спорт сургалтын төвд туслах адуучнаар ирснээр морь барих их үйлсийнх нь эхлэл тавигдсан гэдэг. Энэхүү байгууллагад 2002-2015 он хүртэл няраваар ажилласан байна. Харин 2017 оноос Зайсангийн Мал эмнэлгийн хүрээлэнд харьяалагдан өнөөг хүртэл ажиллаж байгаа аж. Ч.Чулуунбатын 2004 оноос эхлэн морь барьж эхэлсэн нь түүнийг ямар хөдөлмөрч, тэвчээртэй вэ гэдгийг илтгэнэ. Тэрбээр гурав, зургаа, есийн тоог их бэлгэшээдэг нэгэн. 2019 он хүртэл айргийн гуравт хурдалсан морьдыг барьж байсан нь энэ бэлгэшээлтэй нь холбоотой гэж байв. Харин өнөө жилээс түрүү магнайн хүлгийг барьж эхэлсэн байна.ӨӨРИЙН ХҮСЛЭЭР МОРЬ БАРЬЖ СУРСАН
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын азарганы түрүү морь барив.
Ч.Чулуунбат багадаа хурдны морь унаж байгаагүй ажээ. Морь барихыг хэн нэгэн түүнд шахаж, тулгаагүй. Өөрийн хүслээр анх Хүй долоон худагт очиж бариач нараас “Би морь барья” гэхэд зөвшөөрсөн ажээ. Ийнхүү түүнийг Өвөрхангай, Архангайн наадам руу морь бариулахаар аваад явж байсныг дурссан юм. Ч.Чулуунбатын хувьд шууд морь бариач болчихсонгүй. Эхлээд морьдыг нь чөдөрлөж, манана. Мөн улс, бүсийн наадмуудад явах далимаар нь айргийн гурав, дөрвийн морийг барьсаар олон жилийн туршлага хуримтлуулсан байна. Түүний хувьд энэ сайхан хүлгүүдийн эзэд нь хүрч амжаагүй байхад, тосч хүндэтгэлийн цэнхэр хашаанд эздэд нь хүлээлгэж өгөх хамгийн бахархам үе байдаг ажээ. Энэхүү ажилдаа баярлаж, өөрөөрөө омогшиж явдгаа нуусангүй. Түүний хувьд Ардын хувьсгалын 90 жилийн айрагдсан морьд болон 100, 101 жилийн ойн улсын наадмын түрүү морьдыг барьжээ. Үүгээр ч зогсохгүй энэ жилийн наадмаар нэг уяачийн морийг нас бүрт нь барьсан ховор тохиолдлын эзэн болсон гэнэ. Энэ тухайгаа “Сүхбаатар аймгийн уяач С.Төмөр-Очирын ембүү хээрийг даага, хязаалан, шүдлэн насанд барьсан минь ховор тохиолдол боллоо” хэмээн бэлгэшээж байсан юм. Морь барихдаа өргөөд байгаа зүйлийг “пайз” гэж нэрлэдэг ажээ. Морь бариач морио барианд орж ирэхийг хүлээх үед уяачид хадаг өгдөг ажээ. Морьд орж ирсний дараа хөлсөнд нь хүргэж, эргээд уяачид тэрхүү хадгаа хүлээлгэж өгдөг ёс жаягтай. Түмэн олон соёолонгийн хөлс хүртвэл тэр жилдээ өнгөлөг, хийморьтой байна гэж бэлгэддэг. Мөн морь бариач бүсэлхийгээрээ хадагтай явдаг нь төрийн ёслол хүндэтгэлийн пайзыг алдаж, гээгдүүлэхээс сэргийлж, хадгаар уядаг учиртай. Морь бариач хүн нэг хувцас, хэрэглэлээ дунджаар 10 гаруй жил ашиглана. Ч.Чулуунбатын одоогийн хувцас хэрэглэлээ Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор авсан бөгөөд өдгөө 11 жил хэрэглэж байгаагаа хуучилсан юм.
ТУУШТАЙ ЯВСАН ХҮН АМЖИЛТАД ХҮРДЭГ
Ямар ч ажил мэргэжилд бэрхшээл тулгардаг. Түүний хувьд ч морь бариачаар ажиллаж эхлэхэд нь шантрах зүйл олон байсныг дурслаа. Архангай, Хэнтийд очиж морьдоо манаад хонож байхад аянга цахилгаантай ширүүн бороо орно. Чөдөрлөсөн морийг хаяад явж болохгүй, өглөө болтол манах тохиолдол олон байсанд хааяа халширах үе байсан гэнэ. Сүүлийн 4-5 жил морь барьсан тухайгаа “Өнгөрсөн хугацаанд тууштай, зүтгэлтэй явсан минь энэ амжилтад хүргэлээ гэж бахархаж, багахан онгирч явна. Энэ жил гэхэд Азарганы уралдаанд Төв аймгийн богд хээрийг хоёр жил дарааллан барилаа. Сайхан байна. Олон хүлэг уралдаад, барианы зурхайгаар орж ирсэн эхний таван морийг унаач хүүхдүүдтэй нь эсэн мэнд хүндэтгэлийн хашаа руу хүргэж өгөх нь бариачдын хувьд нэгдүгээрт үүрэг, хоёрдугаарт бахархал” хэмээн ажил мэргэжлийнхээ онцлог, сайхны тухай ярьж байсан юм.
“МОРЬ БАРИАЧ ХҮН ХАМГИЙН ЭХЭНД ДЭЭД ЗЭРГИЙН АНХААРАЛТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ”
Морь бариач Ч.Чулуунбатын гэргий нь Ш.Цолмон гэж бүсгүй бий. Ханьтайгаа 1995 онд Өмнөдэлгэр суманд танилцаж, 2002 онд хамтдаа Улаанбаатарт иржээ. Тэрбээр ханийнхаа тухай “Хань маань морьдыг овъёослож, тарга тэвээрийг нь тааруулахад тусалдаг. Наадам дөхөхөөр хүүхдүүд болон, хань минь надтай зэрэгцээд л баярлаж, хөөрдөг” хэмээн онцолж байсан юм. Тэд өдгөө хоёр охин, нэг хүүгийн аав ээж. Хүү Ч.Ууганбаяр нь хэдийнэ тусдаа гарчээ. Тэрбээр аавтайгаа адил моринд хайртай, нүдтэй нэгэн. Ч.Ууганбаяр морин үзүүлбэрийн төрлүүдээр тууштай хичээллэсэн аж. БНСУ-д морины шоу тоглолтын журмаар гурван жил, ӨМӨЗО-ны Хөх хотод 10 гаруй жил ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн, I зэргийн тамирчин юм байна. Дүнжингаравын хурд зэрэг улсын чанартай уралдаанд оролцож байсан туршлагатай гэнэ. Морь бариачдын улсын наадмын бэлтгэл ажил долдугаар сарын эхээр эхэлнэ. Батлах хамгаалахын туслах нийгэмлэгээс морьдоо аваад, өөрсдийн өмсөх хувцас хэрэглэлээ авах ба 13-нд уяачдын наадам дууссаны дараа тоо ёсоор нь хүлээлгэн өгдөг юм байна. Нэг ёсондоо хариуцлагын асуудал яригдана. Морь бариачдын хувьд ганц гавьяа, шагнал нь “Улсын морь бариач” цол юм байна. Биеийн тамир, спортын улсын хороо улиралд хоёр удаа хуралддаг. Эндээс зөрчил дутагдал гаргаагүй, тав болон түүнээс дээш жил ажилласан бариачид “Улсын морь бариач” хэмээх эрхэм алдрыг олгодог ажээ. Зөрчил гэдэгт нь түрүү морь олноор ирж байхад, буруу морь барих эрсдэлтэй. Тиймээс морь бариач хүн хамгийн эхэнд дээд зэргийн анхааралтай ажиллах ёстой юм байна. Үзэгч олны харах өнцөг, барианы зурхайд буй бариачийн харах өнцөг өөр ажээ.ХӨНГӨН МОРЬ СОНГОХЫГ ЭРМЭЛЗДЭГ
Морь бариач хүн унах морио өөрөө сонгох эрхтэй. Ч.Чулуунбатын хувьд аль болох хөнгөн морь сонгохыг чухалчилдаг ажээ. Энэ тухайгаа “Хүнд морь явж өгдөггүй. Бас их хөнгөн, залуу морь барианд ирэх мориноос зугтаад ойртохгүй. Харин 12-13 настай морь орчны чимээг ажирахгүй, тогтвортой. 10 болон түүнээс доош насны морьд уухайлж буй олны чимээнээс бултасхийгээд, чих нь сортолзоод тогтворгүй байдаг” гэсэн юм. Морь бариачдын хувьд бэлтгэлээ уралдах морьдтой адил жил гаруй хугацаанд хийдэг гэнэ. Энэ жилийн хувьд Ч.Чулуунбаттай хамт Хүй долоон худгийн дэнж дээр хоёр залуу морь бариач ажиллажээ. Тэдний хувьд цэргийн ангийн шинэхэн офицерууд гэнэ.
МОРЬТОЙ ХОЛБОГДСОН ГЭР БҮЛ
Ч.Чулуунбатын удам тэр чигээрээ морьтой холбоотой. Ижий аав нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин гаралтай. Аав Чилхаажав нь 1973-1990 он хүртэл туувар туусан гэнэ. Нутгаасаа гараад, Налайх хүртэл туувар тууж байж. Ч.Чулуунбат гуайн талаас нэг ах, нэг дүү минь сумын алдарт уяач цолтой. Гэргийн талаас мөн ах дүү нь Батлах хамгаалахын Морин спорт сургалтын төвд саад харайлтын спортоор хичээллэж, амжилт гаргаж байжээ. Тиймээс Ш.Цолмон гуай моринд хоббитой, морио дээдэлдэг, ханийхаа ажлыг нь дэмжиж ойлгож, ар талыг нь бат даадаг гэж нийтлэлийн баатар маань гайхуулж байсан юм. Ч.Чулуунбат ханийхаа тухай “27 жил ханилахад миний өдий зэрэгтээ мөр бүтэн яваа минь ханийн минь буян болохоор сайхан ханиараа үргэлж бахархдаг. Сайн яваа эрийн ард сайн хань байдаг гэж үг бий” хэмээсэн юм. Морь бариач Ч.Чулуунбат энэ дашрамд ханьдаа, үр хүүхэд, ач зээ нартаа манай сониноор дамжуулан баярлаж явдгаа уламжилсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 135 (6867)
Б.ДАРЬСҮРЭН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.