АНУ-ын Вашингтон ДиСи орчимд ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт Монголчуудын Үндэсний их баяр наадам энэ сарын 10-ны өдөр Виржиниа мужийн Фэйрфакс дүүргийн “Bull run Regional park” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагджээ.
Баяр наадмын өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байсантай холбогдуулан Төрийн далбааг мандуулах ёслолоор наадмын үйл ажиллагааг эхлүүлэв. Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, Хурандаа Э.Гансүх удирдаж, АНУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын стратеги, батлан хамгаалах аж үйлдвэрийн сургуульд суралцаж байгаа хурандаа П.Идэр, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн сонсогч С.Санаасайн нар Төрийн далбааг мандуулав.
Үүний дараагаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр наадмын арга хэмжээг нээж, үг хэллээ. Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын хэлтсийн дарга Скот Волкер үг хэлж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв. Энэ жил Монгол Улс, АНУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа билээ.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд АНУ-д амьдарч буй иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд өргөнөөр хамрагдсан байна. Наадамд нийт дотно болон гадны 2000 гаруй иргэд хүрэлцэн иржээ.
Наадмын хүчит бөхийн барилдаанд анх удаагаа улс,аймаг, сумын цолтой чансаа өндөр 64 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах, гар барилдаан зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулжээ. Тодруулбал, энэ жилийн “Монгол наадам”-ыг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо болон бусад ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.