СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-11

У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадам бол Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэдэл, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Эцэг тэнгэр хураа хайрлан, эх дэлхий шимээ хүртээж, түмэн олны сэтгэл тэнийсэн, дэлгэр сайхан зун цаг эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж,

Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ төрийн их баяр цэнгэл наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.

Эрхэм хүндэт наадамчид аа,

1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, Ардын засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ.

Өнгөрсөн зуун жил бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

Ирж буй.

Миний Монголын ард иргэд ээ,

Энэхүү түүхэн жил төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г дэлхий ертөнцөд цогцлоосон Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.

Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна.

Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, эх дэлхий, уул ус, хүн ардаа баясгасан дэлхийд ганцхан “Монгол наадам” ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэллээ.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.