Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр Нара мужид халдлагад өртөж, буудуулж хүндээр шархдан эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Тэрээр эмчлүүлж байсан Нара мужийн Кашихара хотын эмнэлэгт шархаа даалгүй нас барсан гэж NHK телевиз мэдээллээ.
Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйгаар халдлага гарахад тэнд байсан хүмүүс хоёр удаагийн буун дуу сонссон гэжээ. Гэмт этгээдийн буудсан эхний сум оноогүй ч харамсалтай нь хоёр дахь сум Абэгийн нуруунд туссан байна.
Ерөнхий сайд асан Шинзо Абэд халдлага үйлдсэн этгээд нь гар хийцийн буу ашигласан гэж Японы олон нийтийн NHK телевиз мэдээлсэн. Мөн сэжигтэн Ямагами Тэцуя нь 40 гаруй настай Нара хотын оршин суугч бөгөөд түүнийг баривчлахад огт зугтах үйлдэл гаргаагүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Харин хүнд шарх авсан Абэ Шинзо шархаа даалгагүй нас барсан гэх мэдээллийг NHK телевизээс олон нийтэд өгөөд байна.
Абэ Шинзо намтар
Тэрээр 1954 оны 9 сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр.
Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.
Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан.
Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Гэвч 2007 оны 9 сарын 12-нд ЛАН-ын дарга болон ерөнхий сайдын суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Хэдхэн хоногийн өмнө парламентийн чуулганы нээлтэд оролцож, эрч хүчээр дүүрэн илтгэл тавьж байсан хүн гэнэт огцрохоо мэдэгдсэн явдлыг цагаа олоогүй, хариуцлагагүй явдал гэх үзэл Японы улс төрд олон сонсогдож байлаа. Гэхдээ тэрээр биеийн байдлын улмаас тэрхүү шийдвэрээ гаргасан нь хожим тодорхой болж, ажлаа хүлээлгэж өгмөгцөө биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна.
Өвчнөө эмчлүүлж эдгээсэн Абэ 2012 оны 9 сард болсон ЛАН-ы даргын сонгуульд ялж, улмаар мөн оны 12 сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуулиар тус нам ялснаар 12 сарын 26-нд дахин ерөнхий сайдын албан тушаалд очоод байна.
Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь ерөнхий сайд агсан Киши Шинсүкэ, эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан Сато Эйсакү, эцэг нь Гадаад хэргийн сайд агсан Абэ Шинтаро, дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Киши Нобүо зэрэг болно. Эхнэр Акиэ нь Моринага корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин.
Японы хамгийн олон ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг болох Ямагүчи аймгийн уугуул түүний эцэг Абэ Шинтаро нь ерөнхий сайдын сэнтийд хамгийн ойрхон хүн гэж яригдаж байсан үедээ нас барсан бөгөөд эцгийнхээ хүрч амжаагүй өндөрлөгт хүү нь ийнхүү хүрсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Manai ene khulgaich nariig alah khun bdgui l ym bh da
Ymàr muujai zuil setgedeg yum be.Huni garaar mogoi bariulsnaas uuruu hiigeech.Hun alsan Hun nasaaraa shorond suuna.huseh ch yum bish .Chi uuruu aav eej ah duu ur huuhedteil Hun baimaar yum.Suuld uurin chini tolgoi deer buuh baihdaa