ЭМЯ, МХЕГ, НЭМГ, ХӨСҮТ-өөс Үндэсний их баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага ямар цагийн хуваариар ажиллах, хоол хүнсний аюулгүй байдал, халдварт өвчнөөс сэргийлэх, Ковид-19 халдварын нөхцөл байдал, осол гэмтэл, түлэгдэлтээс сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа:
- Баярын өдрүүдээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил хэвийн явагдана. Гэхдээ нийслэлд дархлаажуулалт хоёр цэг долдугаар сарын 9-17-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд ажиллах юм.Д.Сүхбаатарын талбайд нэг, Шангри Ла төвд мөн нэг цэг ажиллана.
Түүнчлэн коронавирусийг илрүүлэх шинжилгээний цэгүүдийн тухайд, Д.Сүхбаатарын талбайд сорьц авах нэг цэг ажиллах бол Хүй долоон худагт хоёр цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Тиймээс байршлаас хамаараад иргэд аль ойрхон цэгт хандах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд баяр наадмын өдрүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг танилцуулъя.Тодруулбал, Хүй долоон худагт долдугаар сарын 10-15-нд 24 цагаар яаралтай тусламжийн найман цэг ажиллана. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, сур харвааны талбай, Д.Сүхбаатарын талбай, Монгол шилтгээнд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар сарын 11-18-ний өдрүүдэд 10:00-15:00 цагуудын хооронд анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж ажиллана. Товлолт эмийн эмчилгээнүүд хийгдэхгүй. Тухайн өвчтөнд ямар нэгэн зовиур илэрч эмчид шаардлагатай тохиолдолд жижүүр эмч, сувилагчид хандана.
Наадмын өдрүүдэд хүүхдийн шүд өвдөх асуудал гардаг учраас долоодугаар сарын 11-18-нйи өдөр хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв хоёр кабинетээр ажиллана. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, дотор, шүдний кабинет өдөр бүр 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Яаралтай тусламжийн 103 төв 24 цагийн турш тасралтгүй дуудлага үйлчилгээнд ажиллана.
Түүнээс гадна соёл урлагийн арга хэмжээ болох газруудад долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн төвүүд байрлаж ажиллахаас гадна дуудлагаар түргэн тусламж үзүүлэн ажиллахаар төлөвлөжээ.
Амбулаторийн тусламж үйлчилгээ наадмын өдрүүдэд хийгдэхгүй. Алсын болон холын дуудлагад эрүүл мэндийн сайдын тусгай журмаар томилогдсон эмч нар тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ.
ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлгийн яаралтай тусламж, лаборатори, эхо, рентген 24 цагаар ажиллана
Иргэд наадмын өдрүүдэд наршилт, хоолны хордлого, болзошгүй байгалийн гамшгаас сэрэмжилж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэн наадахыг зөвлөж байна гэж нэмж хэллээ.
МХЕГ-ын ахлах байцаагч Г.Батсүрэн:
- Нийслэлийн хэмжээнд Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо худалдаа үйлчилгээ эрхлэх 725 ААН байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагуудад хяналт шалгалтыг хийж ажиллана. Хүүхдүүдэд өгч буй хоол хүнсний бүтээгдэхүүнүүдээ зөв сонгох хэрэгтэй. Мөн коронавируст халдвар төдийлөн тасраагүй байгаа учраас гарын ариун цэврийг сахих нь чухал гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.