Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны зээл төлөлт, “Кью-Эс-Си” компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан:
- Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээл нэлээд төлөгдлөө. Нийтдээ 485 тэрбум төгрөгний зээл бэлэн мөнгөөр төлөгдөөд байна. Өндөр дүн гарахад сүүлийн долоо хоногийн хугацаанд Хөгжлийн банк, Засгийн газар, Сангийн яам нэлээд ач холбогдол өгч, нэгээс хоёр зээл дээр ажилласан нь нөлөөллөө. Удтал чанаргүй зээлээр бүртгэж байсан "Кью Эс Си" компанийн 192 тэрбумын чанаргүй зээл төлөгдөж дууслаа. Мөн тус дүнгээр Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулах байсан эрсдэл хаагдсан гэсэн үг.
Зээл төлөгдсөнөөр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай адил тогтвортой хэвээр үлдлээ. Эдийн засгийн хүнд үед Засгийн газрын өрийн менежмент үр дүнтэй байна гэдгийг гадаад зах зээл үнэллээ. Улмаар 2023 онд Самурай, Евро бондын өрийг төлөхөд эрсдэлгүй болж байна.
2023 онд төлөгдөх ёстой евро бондын 500 сая ам.доллар, мөн 2023 оны 12.25-нд төлөх учиртай Засгийн газрын баталгаатай Самурай бондны эрсдлүүдээс тодорхой хэмжээнд гарч байна гэсэн үг. Тус банкны зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар 12-р сарын 30-наар балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлтүүд хийх боломжууд бүрдэнэ. Ингэснээр 2023 оны есдүгээр сард төлөгдөх Евро бонд дээр гадаад хөрөгийн зах зээлд зохицуулалт хийх боломж нэмэгдэж байна. Самурай бонд өнөөдрийн иен, төгрөгийн ханшаар 720-иод тэрбумыг төлөх ёстой. Тиймээс энэ өрийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр өөрөөр нь төлүүлэхэд ойртож байна.
2018 онд УИХ-аас Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. ҮХЦ-ийн дүгнэлийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой төлбөр тооцоог цаад талтай хэлцэл хийх журмаар, харилцан суутгах үүрэг өгсөн. 2018 оноос үе үеийн Сангийн сайд нар энэ хэлцлийг ахалж ажилласан байдаг. Миний бие мөн 2021 оны нэгдүгээр сард ажилдаа оронгуутаа энэ үүргийг хүлээж авсан. Үүнээс хойш 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авсан Монголын зэс корпорацийн нөхдүүдтэй хэд хэдэн удаа хэлэлцээр хийсэн. Архивын материалтай нэлээд ажиллаж, тэдгээр нөхдүүдийн хоорондын хамаарлыг нотлох баримт материалууд цуглуулсны үндсэн дээр хэлцлүүд амжилттай болсон.
2021 оны хоёрдугаар сард цаад компаниас хэлцлээ бодит байдал болгоё, харилцан хамаарлуудаа хүлээн зөвшөөрч байна гэсэн. Ингээд 2018 оноос анх гарч ирсэн харилцан суутгах таван зүйл байдаг. Эдгээрийг хэсэгчлэн харилцан суутгаж эхэлье гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнийг Засгийн газар судлаад, хэсэгчилж харилцан суутгах замаар төлбөрийг барагдуулах ажлыг эхэлж байна. Ингээд өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Монголбанкнаас гарч явсан байсан 160 тэрбумыг Засгийн газар буцааж дуудаж, харилцан суутгал хийснээр 1.1 их наяд төгрөгөөс эхний ээлжинд 160 тэрбумыг төлж барагдуулж байна гэсэн үг. Цаашдаа харилцан суутгах хэлцэл үргэлжилнэ.
Монгол улс дефолт зарлах эрсдэл байхгүй. БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна гэдэг нь худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.