УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ёсчилсон. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн нийт 19 зүйлийн 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас үйлчилж эхэлсэн юм.
Долоо дордож, найм сэхнэ
2000 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой шүүмжлэл нь олон тооны хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлууд, зөвлөгөөнөөр ил гарч Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга гарах шалтгаан болсоор ирсэн. Энэ хооронд гарсан нэгэн дэвшилтэт үйл явдал нь 2010 оны Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль юм. Энэ хуулийг баталснаар Үндсэн хуулийн дархлааг тогтоох, суурь зарчим, үзэл санааг хамгаалахад дөхөм болсон.
Улмаар 2015 онд Улсын Их Хурлын дэд дарга Л. Цогоор ахлуулан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулж, “Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж дүгнэв. Цаашид төсөл боловсруулах ажлын хэсгийг ч үүсгэж, төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн ч тухайн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон юм. Энэ бүх чармайлтын нэг гол зорилт нь 2000 онд хийсэн “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг залруулах явдал байлаа.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг”-ийг хууль зүйн ухааны доктор, профессор Ч.Энхбаатараар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгээс гарсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх 46 санал бүхий тодорхой санал дүгнэлтийг УИХ хүлээн авч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судалж, дүгнэлт гаргав.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор улсын хэмжээнд санал асуулга явуулж нийт 327,375 иргэнээс 5,584.832 санал ирүүлсэн юм. Энэхүү хэлэлцүүлгийн дүнг үндэслэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж,2019 оны 06 дугаар сард нийт 62 гишүүд уг төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Ийнхүү уг төслийг 2019 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын 14-ний хооронд хэлэлцэн баталсан. Төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх явцад олон нийтийн саналд өндөр хувь эзэлж байсан төрийн алба, сонгуулийн тогтолцоо болон Ерөнхийлөгчөөс гаргасан гишүүдийн тоо зэрэг зарим асуудлаарх нэмэлт, өөрчлөлт нь Улсын Их хурлын 57 гишүүний санал авч чадаагүй юм.
Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа шаардлагатай эсэхийг судалж, тандахаас эхлэн зөвлөлдөх санал асуулга,ард нийтийн хэлэлцүүлэг явуулж, тэдний санал бодлыг тусгаж, улс төрийн намуудын болон эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж, бүх талын зөвшилцлийг хангаснаар уг нэмэлт, өөрчлөлт бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сайн жишиг, дэг жаягийг тогтоосон билээ.
Ардчилсан үндсэн хуулиар байгуулагдсан гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлын үзүүлэлт
1.8 жил- 1992-2019 оны хооронд ажилласан Засгийн газруудын бүрэн эрхийн дундаж хугацаа
3 сар Хамгийн богино настай Засгийн газар 1998.04.23-нд байгуулагдаж 3 сар ажиллаад 1998.07.24-нд огцорчээ.
2 Засгийн газар Бүрэн эрхийн хугацаагаа дуустал бүтэн ажилласан Засгийн газрын тоо (1992-1996 оны П. Жамсрайн, 2000-2004 оны Н.Энхбаярын)
15 Ерөнхий сайд 1992-2019 оны хооронд ажилласан ерөнхий сайд нар, давхардсан тоогоор (Ц.Элбэгдорж, С. Баяр нар тус бүр 2 удаа)
4 сайд 2016-2019 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд ажилласан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тоо
Нэмж өөрчилсөн сайн талууд
Ийнхүү баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга нь Монгол улсын ардчилсан Үндсэн хуулийн анхны үзэл санаа, үзэл баримтлалтай бүрэн нийцэж, олон түмнээс зохих дэмжлэг авч батлагдсанаараа онцлог. Хэд хэдэн удаагийн Их хурлаар хэлэлцэгдэх санал гарсны эцэст түүхэн боломж гарч батлагдсан боловч Парламентын засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх хамгаалах, улс төрийн намын болон сонгуулийн тогтолцоог тодорхой болгох чиглэлд орхигдуулсан зүйлс үлдсэнийг эрдэмтэн судлаачид нотолдог.
Энэхүү 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлын талаар товч дурдъя:
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах хүрээнд:
· Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг тогтвортой, нэгдмэл бодлогогүйгээр ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тодорхойлсон урт хугацааны хөгжлийн бодлогыг баримтлан алсын хараа, нэгдсэн бодлоготойгоор ашиглах боломжийг бүрдүүлсэн.
· Улсын Их хурлын ээлжит чуулганы хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгон нэмэгдүүлснээр Улсын Их Хурлын хууль тогтоо, хянан шалгах бүрэн эрхээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн.
· Хууль эцэслэн батлах босгыг нэмэгдүүлснээр Улсын Тх Хурлын гишүүдийн хариуцлага дээшилж, ард түмний төлөөллийн чадавх, Улсын Их Хурлаас баталсан хуулийн хүлээн зөвшөөрөгдөх байдал сайжирч, санал хураалтын зарчмыг заагласнаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлаар гишүүд өөрийн итгэл үнэмшлээр, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр шийдвэр гаргах боломж бүрдүүлсэн.
· Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болсон.
· Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын төсвийг хөгжлийн төсөл болгох, хөгжлийн бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгжих нөхцлийг бүрдүүлсэн.
· Улс төрийн намтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулснаар намын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, тайлан олон нийтэд ил тод болох улс төрийн намууд аль нэг хэсэг бүлгийн ашиг сонирхлыг төлөөлөх бус улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах зарчмыг тогтоосон.
Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх, эрх мэдлийн хяналт- тэнцлийг хангах хүрээнд:
· Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нараа томилж, чөлөөлөх эрхтэй болж Засгийн газар танхимын зарчмаар ажиллах боломж бүрдсэн, Ерөнхий сайдыг огцруулах, түүнд итгэл үзүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхтэй холбогдсон зохицуулалтуудыг сайжруулснаар Засгийн газар тогтвортой ажиллах боломж бий болгосон.
· Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, түүний бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлж, зөвхөн нэг удаа сонгогдох, Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгохтой холбоотой зохицуулалтуудыг өөрчилснөөр Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах боломж бүрдсэн.
· Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгохтой холбоотой зохицуулалтыг өөрчилснөөр эрх мэдлийн хяналт тэнцлийг тодорхой болгох, парламентын бүгд найрамдах улсын мөн чанарт нийцэх боломж бүрдүүлсэн.
Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд:
· Шүүхийн тогтолцоог зохистой болгож, үйлчилгээг нь иргэдэд ойртуулж, хүртээмжтэй болгох суурийг тавьж, шүүгчийн болон шүүхийн хараат бус, бие даасан байдлыг баталгаатай болгох үндсийг тогтоож, шүүгчийг сонгон шалгаруулах, түүнд хариуцлага хүлээлгэх бие даасан байгууллагууд тус тусдаа бий болсноо шүүх эрх мэдлийн чадавх дээшилж, хүний эрх, эрх чөлөөний баталгаа сайжирч,шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх үндсийг тавьсан.
Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд:
· Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүн үндсийг тогтоож, засаг захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн.
Хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн улирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг өргөжүүлж бие даан хөгжих боломж болон удирдлагын бүтцийн давхардлыг арилгаж, тосгон төлөвшин хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.