2000 оны 12-р сарын 14-ний өдөр Монгол улсын Үндсэн хуульд гурав дахь удаагаа өөрчлөлт оруулж байсан түүхтэй.
Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт, өөрчлөлт нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж байсан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хүрээнд хязгаарласан нь сайн тал болжээ. Тухайлбал 1998 онд өмнөх сонгуулийн дүнгээр ялалт байгуулж, засгийн эрх барьж байсан Ардчилсан Намын гишүүн Д.Ганболдыг Ерөнхий сайдад дэвшүүлэн Ерөнхийлөгчид долоон удаа мэдүүлээд мөн тоогоор блоклуулж байв. Ерөнхий сайдгүй өдөр хоногууд үргэлжилж байсан. Харин энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр дахин ийм зүйл гарах эрхзүйн үндэслэлийг халж чадсан юм.
Гэвч энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ ард нийтээр хэлэлцүүлээгүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй Үндсэн хуулийн Цэцийн саналыг аваагүй, гэх мэт шүүмж нэлээд гарсан. Тиймээс энэхүү үйл явдлыг “хуйвалдааны шинжтэй, яаран сандран батлуулсан” гэсэн хоч зүүж орхисон билээ.
Хорь шахам жил хүчин төгөлдөр үйлчилсэн энэ эдгээр нэмэлт, өөрчлөлт нь юу байв?
1. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” гэсэн өөрчлөлт оруулжээ.
2. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль болон бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулж, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөө заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмжээ. Үнэхээр ч хууль хэлэлцэх нь гишүүд нь ажилдаа ирдэггүй үе байлаа.
3. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь “давхар дээл”-ийн асуудлыг нийгэмд буй болгосон.
4. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т “Ерөнхийлөгч ....УИХ-д олонх суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэснийг “УИХ-д олонх суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж УИХ-д суудал авсан нам, бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулсан.
5. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг эхний хэсэг хэвээр байх ба “УИХ-ын тухай сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж нэмсэн нь гишүүд саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. Бүлэггүй гишүүний дэд даргаар сонгогдох эрхийг хассан заалт болов.
6. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэснийг эхний хэсгийг нь хэвээр үлдээж, “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор мэдүүлнэ” гэсэн хоёр дахь хэсгийг нэмсэн. Хэрэв санал зөрвөл Ерөнхийлөгчөөс үл хамааран ажиллах эрхийг ийнхүү нээжээ.
7. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөн санл болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийн тарах шийдвэр гаргасан болон шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана” гэсэн дугааргүй хэсэг нэмсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.