УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн Байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
- Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлд утаагүй түлшний нүүрс тээвэрлэлт яваад байна. Үүнийг Зүүнбаянгийн төмөрзамаар явуулахаар боллоо гэсэн яасан бэ? Юунаас болоод зогсчихов? Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар автозамын засварын ажил хэзээ дуусах, ямар аж ахуй нэгж хийж байна, хөрөнгө мөнгө нь хүрэлцээтэй байгаа юу?
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Төмөр замаар зүгшрүүлэх тээвэрлэлт явж байгаа. Наадмын өмнө албан ёсоор тээвэрлэлтийг үргэлжлүүлээд явуулахаар бэлдэж байна. Автозамын засварыг 5.5 тэрбум төгрөгийг улсын төсөв, Эрдэнэс тавантолгойгоос шийдвэрлэсэн. Дундговь, Төв аймгийн зам засвар арчлалт хариуцсан компаниуд засварын ажлаа хийж байгаа. Нэмэлтээр санхүүг шийдвэрлэснээр өнгөрсөн амралтын өдрөөс зам засварын ажил эхэлсэн. Төмөрзамын тээвэрлэлт яваад эхлэхээр автозамаар нүүрс тээвэрлэхгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
- УИХ-аас олон улсын авто тээврийн Европийн хэлэлцээрт нэгдэн орох гэрээг батлах гэж байгаа. Зорилго нь Европийн холбооны улсаас Монгол руу ирж байгаа ачаа бараа, тээврийг хурдан шуурхай, саадгүй гүйцэтгэх, түүгээр дамжин бараа таваарын хангамжийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлах ач холбогдолтой гэж үзэж байгаа.Уг гэрээг баталснаар автомашин бүрт GPS тавина, 16 цаг жолоо барьдгийг 9 цаг болгож бууруулах зэргээр аюулгүй байдлыг сайжруулна. Хууль баталснаар ачаа бараа тээвэрлэгчдийн ашиг орлого буурахгүй байхад анхаарч, нугалаа завхрал үүсгэхгүй байхад анхаараарай.
Дээр дурдсан хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн Байнгын хороонд шилжүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.