Монгол Улсын 100 жилийн хөгжлийг хурдасгах эрхзүйн суурь болсон Үндсэн хуулиуд өөр өөрийн онцлогтой.
Тухайлбал 1992 онд батлагдсан Үндсэн хууль бол тухайн үеийн улс төр, иргэдийн аж амьдралын онцлог, эдийн засгийн шилжилтийн үеийн онцлогыг шинжээсэн байсан бөгөөд парламентын засаглал, хүний эрхийг хуульчилан хамгаалсан гэдгээрээ давуу талтай.
Үндсэн хууль батлагдсан цагаас хойш тус хуулийг шинэчлэн найруулах ажил үе үеийн парламентад яригдаж байсан. Энэ удаад ч Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын бүх гишүүд санаа бодол нэгдэж, ажлаа эхлүүлээд байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт түүнийг тойрсон үйл явцын талаар хуульч судлаачид ямар байр суурьтай байна вэ?
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
- Ардчилсан Үндсэн хууль бидэнд маш том ололт, амжилт өгсөн. Үүнийг бид мартаж болохгүй. Монгол хүн төрөө байгуулж, үгээ хэлж, өмчийг шударгаар авах суурь зарчмуудыг зарлан тунхагласан. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийг баталснаар дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай болсон. Гэхдээ "Сайны хажуугаар саар" гэгчээр Үндсэн хуулийг дээдлэх гэсэн чухал ойлголтыг улс төрийн намууд буруу ойлгож ирсэн. Үндсэн хуулийг дээдлэх нь зөвхөн төрийн ордонд залрах, Ерөнхийлөгч болж тангараг өргөхөд ашигладаг зүйл биш. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд үйл ажиллагаандаа алхам тутамдаа өдөр бүр мөрдлөг болгох оюуны бүтээл юм. Үндсэн хууль тогтоогч нь УИХ биш, Монголын ард түмэн.
Хуульч, Үндсэн хууль судлаач Д.Үүрцайх:
- Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн тойргийн төсөв ярьдаг, урт хугацааны хөгжлийн бодлого ярьж чаддаггүй явж ирлээ. Уул уурхайгаас олсон хэдэн төгрөгөө тойргуудад хувааж, жалга довонд аваачиж Угтах хаалга, Соёлын төв хийж үрэн таран хийчихээд байгаа юм. Энэ бол өнгөрсөн 30 жилд Монгол Улсын хөгжлийг гацаасан гол шалтгаан. Сонгуулийн тогтолцоонд аль болох хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтыг сонгоод сүүлд нь түүнийг үндэслэн суудал хуваарилдаг тогтолцоог оруулах хэрэгтэй. Дэлхий дээр парламентын ардчилал амжилттай хөгжиж байгаа улсууд бүгд ийм тогтолцоотой байна. Сонгуулийн тогтолцоогоо ингэж өөрчлөхөөр гишүүдийн тоог нэмэх шаардлагатай. Дэлхийн улсуудын жишгийг хараад судлаачдын дүгнэлтийг харахад манай улс гишүүдийнхээ тоог дор хаяж нэг дахин нэмэх хэрэгтэй Ингэж байж хуйвалдаж Засгийн газраа унагаадаг, хууль баталдаг байдал арилна. Авлига, тендерийн хулгай багасах гэсэн эерэг өөрчлөлтүүд гарна.
Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал:
- Манай улс 1992 оноос цэвэр мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэн бол 2012 онд холимог тогтолцоогоор нэг удаа явуулсан. Харин цэвэр пропорционал тогтолцоогоор сонгууль явуулж үзээгүй. Цаашид парламентын тогтолцоо бэхжих эсэх нь дараах гурван зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, иргэд буюу сонгогчид. Сонгогчдын улс төр, иргэдийн эрх зүйн боловсрол ямар байхаас парламентын чадавх шалтгаална. Хоёрдугаарт, улс төрийн нам парламентын тогтолцоонд чухал үүрэгтэй. Улс төрийн намаас ямар хүн нэр дэвшиж, хэн гарч ирж байна гэдэг маш чухал. Гуравдугаарт, парламент. Эдгээр гурван асуудал харилцан шүтэлцээтэй буюу тулгын гурван чулуу шиг аль нэгнээс нь салгаж болохгүй ойлголт юм. Бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах шаардлагатай. Өнөөдөр улс төрийн намын санхүүжилтийг аваад үзэхээс орлогоосоо давсан зардал гарчихаад байгаа юм. Гэтэл уг санхүүгийн эх суурь хаанаас гаралтайг судалж, тогтоох боломж алга. Улс төрийн намаа цэвэр ариун, шилэн болгосны дараа парламент шилэн болох боломжтой. Харин улс төрийн намууд хаалттай байх тусам тус намын гишүүд нь УИХ-д орвол хаалттай хэвээр л байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үгүй бүр хас 21-30 байхад л хангалттай 76.н малаа яая гэж байж юун нэмэх вэ УТТовчоо 9-11 байхад л монгол өнгөтэй өөдлөөд л байсан юм даа