СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-06-29

2022 оны ЭЕШ-д 800 авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монголын их, дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчдийн суралцах ерөнхий чадварыг нээн илрүүлэх, шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга шагнаж урамшууллаа.

Монголын түүхиийн хичээлээр Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн сурагч Э. Мандахбаяр,

Англи хэлний хичээлээр Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн сурагч О.Отгон-Эрдэнэ,

Нийгмийн тухай мэдлэг хичээлээр Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Ууганчимэг нар 800 оноо авч үе тэнгийн сурагчдаа манлайлсан.

Эдгээр сурагчдыг амжилттай бэлтгэсэн Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн багш Б.Мягмарсүрэн, Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн багш Э.Сүхбаатар, Г.Халиун нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзаж, шагнаж урамшуулав. 

ЭЕШ-нд сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулах үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Хоёр дахь жилдээ ЭЕШ-д бэлтгэсэн шавь нь 800 оноо авч амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн 2 дугаар сургуулийн багш Б.Мягмарсүрэнтэй уулзаж амжилтыг нь хуваалцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө танд бэлтгэсэн шавь тань амжилт гаргаж ЭЕШ-аа 800 оноотой өгч бусдыгаа хошуучилсанд талархал илэрхийлье.

-Баярлалаа.

-Өнгөрсөн жил өөрийн тань бэлтгэсэн 3 хүүхэд 800 оноо авсан бахдам амжилтыг үзүүлж байсан. Энэ жил бас нэг шавь тань амжилттай шалгалтаа өглөө. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2021-2022 оны хичээлийн жилд хоёр дахь удаагаа 800 оноотой сурагчыг бэлтгэн гаргалаа. Миний хувьд 2014 оноос багшаар ажиллаж байна. Ууганчимэг бол миний 5 дахь 800 оноо авсан сурагч минь байгаа. Энэ удаа нийтдээ 22 хүүхдийг бэлтгэснээс нэг хүүхэд маань 800 оноо авлаа. 3 хүүхэд 700-аас дээш, бусад хүүхдүүд 600-аас дээш оноотойгоор шалгууллаа.  

-Өнгөрч буй хичээлийн жилийн онцлог юу байв. Өөрөө сургах арга барилдаа юуг чухалчлан анхаардаг вэ?

-Ерөнхийдөө бид 3 жилийн хугацаанд онлайнаар сурагчдаа бэлтгэсэн. Ковидын цар тахлын хугацааг туулсан хүүхдүүд байгаа. Энэ жилийн хугацаанд хүүхдүүдийн хувьд хоёр жилийн хоцрогдлыг арилгах, нөгөө талаар массын сургалтыг түлхүү барихыг хичээсэн. Багшийн хувьд хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарч сурах бичгийн агуулга, бусад сурах бичгүүдийн агуулгыг бүрэн гүйцэт хүүхдүүдээрээ судлуулсан байгаа.

-Боловсролын шинэчлэлийг хэрхэн хүлээн авч байна. Энэ хүрээнд өөрийн ажиллах нөхцөл, арга барилдаа юуг анхаарах эерэг өөрчлөлтийг олж харав?

-Боловсрол бол цаг тутам шинэчлэгдэж байдаг. Тэгэхээр өнгөрсөн жил цэвэр онлайнаар хүүхдүүдээ бэлдсэн. Энэ жилийн хувьд танхимаар тал хувь нь хичээллэсэн. Цаашдаа боловсролынхоо шинэчлэлийг дагаад хүүхдийнхээ сурах сонирхол, сэдэлт, хүсэл дээр тулгуурлаад шинэлэг байдлаар сургалтаа явуулна гэж бодож байгаа. Багшийн хувьд хүүхдийг амжилт үзүүлнэ гэдэг бол уйгагүй давтлага сургалт байдаг. Багш бүхэн өөр өөрийн арга барилтай. Миний хувьд хүүхдүүдийг тооцоо судалгаатайгаар давтлага өгдөг байгаа.

-Тооцоо судалгаа гэлээ. Жаахан тодруулж өгөхгүй юу?

-Ерөнхийдөө шаталсан тооцооны аргаар хүүхдээ сургадаг. Гэхдээ бүгдийг нь гэдэг зүйлийг баримталж, нэг хүүхдийг түлхүү сургахаасаа илүүтэй массыг түлхүү сургахыг би баримталдаг. Бүх хүүхэд сурна, чадна гэдэг итгэл найдварыг эхлээд хүүхдүүдэд өгдөг. Ер нь сурах хүүхэд хаана ч, ямар ч орчинд сурдаг. Сурахгүй хүүхэд бол ямар ч сайхан орчинд, хаана ч сурдаггүй. Тиймээс эхлээд хүүхдэдээ сурах эрхэм зорилгыг нь юуны түрүүнд ойлгуулдаг. Ингэсний үндсэн дээр хүүхдээ цааш нь бэлтгэдэг байгаа.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ, montsame agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.