"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулж дуусжээ.
Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-нд улсын хэмжээнд 49 байранд зохион байгууллаа. Шалгалт дууссаны дараахан тухайн байруудад дүнг гаргаж, тухайн өдөртөө нэгдсэн дүн оноог БҮТ-ийн сайтад оруулсан.
Шалгалтын дүн оноо гарж дууссантай холбогдуулан БҮТ-өөс өнөөдрөөс шалгуулагчид батламж хуудсаа авч, их, дээд сургуульд элсэх боломжтой болж байна.
ЭЕШ-д энэ жил 36,253 шалгуулагч бүртгүүлснээс 2,872 нь шалгалтад оролцоогүй. Тэдний ихэнх нь өмнөх оны төгсөгчид байна. Нэгтгэж үзвэл ЭЕШ-ын ирц 92 хувьтай байв. Газар зүй, түүхийн хичээлд хамгийн бага ирцтэй байлаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хэмжээст оноо руу шилжүүлдэг. Дүн оноог дөрвөн үзүүлэлтээр гаргаж байгаа. Өмнөх 2019 онд 109 шалгуулагч 800 оноо авсан бол 2020 онд 182, 2021 онд 209, энэ онд 208 шалгуулагч 800 оноо авсан байна.
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч хүрээгүй. Эдгээр шалгуулагчид цар тахлаас шалтгаалан танхимаар хичээллээгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй тул дахин боломж олгож наймдугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.