Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
НПГ-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан”, И.Галбуянд бусдад хахууль өгсөн, “Улаанбаатар импэкс” компанид мөн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Харин Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон, 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх үндэслэлээр буруутгасан. Эл дөрвөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат удирдан явуулсан бөгөөд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг жичдээ зарлахаар болжээ. Түүнчлэн энэ үеэр тэдэнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Прокурор, шүүхийнхэн уг хэргийг хэдийд товлосон талаарх мэдээллийг өгөхөөс татгалзаж буй ч баттай эх сурвалжуудын өгүүлснээр баяр наадмын өмнөхөн шүүх хурлыг хийхээр тов тогтоосон аж.
Уг нь эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн энэ сарын 15-нд хийхээр товлоод байсан ч яллагдагч дөрвөн хүний өмгөөлөгч нар шүүгч Т.Алтантуяагаас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор өмгөөлөгч нарын татгалсаныг үндэслэлтэй гэж дүгнэснээр шүүгч И.Ганбатад хэргийг цахим системээр хуваарилсан аж.
“Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян уг хэрэгт яллагдагчаар татагдсан шалтгаан нь “Ариг” банк, “Улаанбаатар импэкс”-ийн хооронд өрнөсөн хувьцааны маргаантай холбоотой. Уг иргэний хэргийг өөрсдийн талд ашигтай шийдвэрлүүлэхийн тулд И.Галбуян дээрх хоёр шүүгчид Б.Баасанцогтоор дамжуулан хахууль өгсөн хэмээн буруутгаж буй юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.