Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Мөн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн болохоо тэмдэглэсэн байна.
Сонгуулийн тогтолцооны асуудлаар ҮХЦ-ээс эцэслэн шийдвэрлэсэн тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
- ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан боллоо. Удаан үргэлжилсэн асуулт, хариулттай, мэтгэлцсэн хуралдаан болж цагийн өмнө шийдвэрээ албан ёсоор гаргалаа. Ямар учиртай асуудал вэ гэхээр сонгуулийн пропорциональ тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу, үгүй юу гэдэг дээр эцсийн шийдвэрийг ҮХЦ гаргаж, олон жил маргаантай байсан асуудалд цэг тавилаа.
Үр дүнд нь юу болох вэ гэхээр Монгол Улсад арчилал, парламентын ардчилал бэхжих суурь бий болж байна. Монгол Улсын эдийн засаг, өртэй, төсөв нь алдагдалтай, эдийн засаг нь хүндрээд байдаг. Жижиг 76 тойрог руу төсвөө чангаадаг, тойргоосоо уяатай улс төрч бүхий парламентын үе өнөөдрөөс эхлээд дуусгавар болох боломж нь бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй.
Монгол Улс нэг том тойрог гэж ойлгож болно. Ингэснээр хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдсон УИХ-ын гишүүн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд кнопоо дардаг, мэтгэлцдэг, бодлого ярьдаг байх боломжтой болж байна. Ингэснээр санал гээгдэхгүй гэсэн үг. Нийт сонгогчдын 42 хувийн саналыг авсан Монгол ардын нам төр барьж байна. Үлдсэн 400-500 мянган сонгогчийн санал гээгдсэн. Пропорциональ тогтолцоогоор санал гээгдэх асуудал эрс буурна. Үүгээрээ улс төрийн намууд төрөө засах, бодлогоо гаргахад ойртоно гэсэн үг.
Цэцийн энэ шийдвэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар яригдаж байгаа үед гарлаа. Хуульч Д.Үүрцайх, бид хоёр иргэний журмаар энэ асуудлыг 2021 оны 11-р сард тавьж байсан. 2-3 удаа нэмэлт мэдээлэл өгсөн. Үр дүнд нь Их суудлын хуралдаан боллоо.
ҮХНӨ үргэжилнэ. Парламентын ардчилалыг бэхжүүлэхэд маш чухал. Сонгуулийн холимог системийг оруулах нь маш чухал. Хоёр дахь нь УИХ-ын гишүүдийн тоог өгсөх шаардлагатай байгаа. Гуравт хэрвээ гишүүдийн тоог өсгөсөн тохиолдолд судлаачдын байр сууриар 150-152 гишүүн байх нь зүйтэй гэдэг хэлэлцүүлэг явж байгаа. Ингэсэн тохиолдолд Засгийн газрын гишүүн парламентын гишүүнээр давхар ажиллаж болно гэж харж байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.